"Приус 30" автомашины 100 ширхэг дугуйг хулгайлан, заржээ

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Болдбаатар нар өнөөдөр /2018.12.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 98340 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 47.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Тухайлбал автомашины өвлийн дугуй алдагдах гэмт хэрэг нэлээдгүй гарчээ. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй аж.

 

Дээрх гэмт хэргийг СХД-т оршин суух хаягтай 19-24 насны дөрвөн иргэн үйлдсэн байна. Уг этгээдүүд 25 удаагийн үйлдлээр “Приус 30” маркийн автомашины 100 ширхэг өвлийн дугуйг хулгайлж фэйсбүүкээр зар тавьж худалдан борлуулсан нь тогтоогдсон байна.

 

Мөн иргэн Т гэгч нь 2017 оноос хойш иргэдийн 9911, 8811, 9910 зэрэг гар утасны дугаараар нь цахим хаяг руу нь нэвтэрч танилууд руу нь мөнгө зээлэхийг хүсч зурвас бичсэн 60 гаруй удаагийн үйлдлээр мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Дээрх хэрэгт шалгагдаж байх явцдаа оргон зайлж, дахин 11 дүгээр сараас хойшхи хугацаанд 25 удаагийн үйлдлээр 12 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Сүүлийн өдрүүдэд шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан дээрэмдэх гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ. Шинэ жилийн баяраас гараад явж буй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдтэй санаатайгаар маргаан дэгдээж нэг нь зодолдож буй дүр үзүүлэх явцад нөгөө нь гар утас, эд зүйл, бэлэн мөнгө зэргийг нь авч зугтаасан 40 удаагийн үйлдэлтэй гэмт хэргийг шалгаж буй аж. Цагдаагийн байгууллагаас “Шинэ жил-2018” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байгаа юм байна. Архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, нийтээр тэмдэглэх баяр арга хэмжээний үеэр анхаарал болгоомжтой баярлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эдгээр гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид дүүргийн цагдагаийн хэлтсийн алба хаагчидтай хамтран илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хуулиа чангатга. Үгүй бол би ч гэсэн хулгайч болмоор бна шүү. Амар аргаар мөнгө олохыг хэнч гэсэн хүснэ шдээ
2018-12-17