УИХ-ын дарга М.Энхболд намын шийдвэрээ дагах уу, хуулиа дагах уу?

МАН-ын бага хурал өчигдөр хаалттай явагдлаа. Хаалттай хуралдааны талаарх албан мэдээллийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгч байв. Гэхдээ энэ нь нэг талыг буюу МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талыг барьсан мэдээлэл дагналаа.
Эрх баригч хүчин МАН-ын хагарал, төрийн гацаан үргэлжилж байгаа. “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг нэр бүхий УИХ-ын гишүүд шаардаж, чуулганы хуралдаанд суухгүй, бойкот хийсээр байгаа бол нөгөө талд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр асуудлаар ҮХЦ-д санал хүргүүлээд байгаа юм.
Харин М.Энхболд дарга “Би хууль зөрчөөгүй. УИХ-ын үйл ажиллагааг гацаасан энэ үед би ажлаа өгөөд явах цаг биш. УИХ-ын гишүүн хуулийн дагуу чуулганы хуралдаандаа оролцож, байнгын үйл ажиллагаатай парламентыг хэвийн байдлыг хангах ёстой. ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан зээл авсан нэр бүхий гишүүд, сайд нарт хариуцлага тооцох нь хэрэгтэй” гэдэг тайлбарыг хэлж буй. Тодруулбал, МАН-ын бага хурлын хаалттай хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлд ч “Манай нам олигархижсан, мафижсан байна. Манай нам сүүлийн үед компанижлагджээ. Ардын нам ардын нам байх ёстой, олигархиудын биш. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болжээ. Үүнийг таслан зогсоох ёстой. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. Би М.Энхболд даргыг өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна” гэдгийг онцолсон бол УИХ-ын дарга М.Энхболд “Би өөрийн амрыг хараад энэ хэл амнаас хол байя гэж бодвол энэ албыг өгөхөд надад болохгүй зүйл гэж үгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш. Өнөөдрийн парламентын үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол улс парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх гээд байгаа. Энэ нөхцөл байдал, манай намын дотоод асуудал, ЖДҮХС-аас зохион байгуулалттай гэж хэлж болохоор зээл авсан, тэр нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа энэ цаг үед бол хүндрэл бэрхшээл асуудлаас зугатааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдлыг дагуу ёс журмын дагуу асуудлууд шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед асуудал өөр байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд би бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэж байгаа зарим нэгэн асуудал дээр байр суурь ганцаардах явдал ч байгаа” гэдгээ тодотголоо.
МАН-ын бага хурлаас түр завсарлагаар Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьжээ. Тус намын бага хурлаас УИХ-ын даргыг сайн дураараа огцрох нь зүйтэй гэсэн тогтоол гаргаад байгаа юм. Хэрвээ УИХ-ын даргыг сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдвөл МАН-ын дарга У.Хүрэлсүх ч Ерөнхий сайдаа огцорно гэсэн саналыг тавьсан юм билээ. МАН-ын бага хурлын шийдвэр бол улс төрийн хүчний дотоод асуудал болохоос төрийн эрх барих дээд байгууллагын хэмжээнд үйлчлэхгүй, хуулиараа.
Өнөөдөр УИХ-ын дарга намын шийдвэрээ дагах уу, хуулиа барих уу гэсэн асуулттай үлдлээ.
Хуулиараа УИХ-ын даргыг таван үндэслэлээр огцруулах заалттай болохоос намын бага хурлын тогтоол хамаарахгүй.
УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцортол УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцох бойкот өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хуулийн гадуурх үйлдэлдээ гишүүд хэзээ цэг тавихыг мөн таашгүй.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ