УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ. МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдаан болсон. Энэ хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцууллаа. Тэрбээр:
-МАН-ын гишүүд, дэмжигчдийн анхдугаар их хурал боллоо. Энэ хуралдаанаас "Дарга нарыг биш гишүүдийн төвтэй нэгдмэл МАН-ыг бий болгохыг уриалж байна. Албан тушаалын дор намын шийдвэр гардаг болсон энэ үед жирийн гишүүд дэмжигчид, ард түмний санаа бодолд тулгуурлан гаргах" уриалгыг Их хурлаас гаргалаа. Мөн УИХ дахь МАН-ын бүлэгтээ хандаж шаардлага хүргүүлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв, эеэ хичээж, төрийн үйл ажиллагааг тасалдуулалгүй ажиллах, МАН-ын удирдлагыг талцуулж байгаа үйлдлээ зогсоохыг бусаддаа уриалж байна. ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, намын төв байгууллагын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. МАН бол лидерүүдээ дагасан фен клуб биш. Цаашид намын дотоод ардчиллаа улам сайжруулъя гэсэн үүднээс энэ холбоо байгуулагдаад байна. Ирэх оны нэгдүгээр сараас гишүүд, дэмжигчдээ сонсоно гэлээ.
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдаанаас миний биеийг холбооны Ерөнхийлөгчөөр томилсон. Холбооны удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй, тэргүүн, дэд Ерөнхийлөгчөөр Б.Бат-Эрдэнэ, дэд Ерөнхийлөгчөөр н.Баярмагнайг, Ерөнхий нарийн бичгийн даргаар н.Болдмандалыг тус тус сонгожээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та бүхэн намын асуудал, албан тушаалаа яриад байна. Өнөөдөр төрийн үйл ажиллага гацсан байна. Яагаад энэ гацаанаас гарах асуудлаа хэлэлцэхгүй байна вэ?
-Бид үнэхээр хэл, амаараа ойлголцохгүй бол Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарцгаая гэж байгаа. УИХ-ыг тараах миний бланк дээр 15 гишүүн гарын үсэг зурсан. Ийм байдалтай байснаас УИХ-ыг тараая гэсэн байр суурьтай гишүүдийн тоо олширсон.
-Энэ холбоо цаашдаа нам болж гарах уу? МАН дотроо хэд хэдэн жигүүртэй болоод байна.
-МАН гэж ярихаас өөр аргагүй боллоо. Яагаад гэвэл өнөөдөр МАН эрх барьж байгаа хүчин. Тиймээс ярихаас өөр гарцгүй болж байна. Нам болж явахгүй, төрийн бус байгууллагын хүрээнд ажиллана. МАН-д "Нэгдмэл Монгол", "Шинэ дэвшил", Зүүний хүчний гээд олон холбоо байгаа. Ардчилсан нийгэмд холбоо, төрийн бус байгууллага байгуулах нь нээлттэй юм.
-Та өмнө нь жагсаал, цуглаан зохион байгуулж, "давхар дээл"-ийг эсэргүүцэж байсан. Мөнгө, төгрөг ч тарааж байсан. Гэтэл одоо өөрөө холбооны Ерөнхийлөгч боллоо гээд мэдээлэл хийж байгаа нь хэр зохистой вэ?
-МАН сөрөг хүчин байхад би жагсаал, цуглааныг 10 гаруй удаа хийж байлаа. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа давхар дээлийг тайлуулна гэсэн санал оруулж байлаа. Энэ саналыг 2016 онд байгуулагдсан Засгийн газар баримталсан шүү. Харамсалтай нь өнөөдөр манай намын даргын тэргүүлсэн Засгийн газар 100 хувь "давхар дээл"-тэй байгаа. Үүнд би хэлэх үггүй болчихоод байгаа юм. Хэрвээ өнөөдөр хэд хэдэн сайд албан тушаалаасаа чөлөөлөгдвөл "давхар дээл"-гүй сайд томилох хэрэгтэй.
Намайг мөнгө төгрөг тараасан гэх зохион байгуулалттай яриаг манай намын цагаан байрнаас тарааж байгаа. Хэрвээ 200 мянган төгрөг авсан хүн зугатаах уу. Үүнийг манай намын Хэвлэл мэдээллийн хэлтсийн цахим орчин хариуцсан хүн тараасан нь баримттайгаар нотлогдсон.
-Та ХОМ-үүлгээ нийтэд зарлахыг ХҮН намаасшаардсан. Энэ талаар?
-Би ХОМ-үүлэгтээ бүрэн тусгасан. Хэвлэл мэдээллээр ч ярьсан байгаа.
Н.Энх