"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү жагсаал оролцохоор 20 орчим мянган хүн төв талбайд цугларчээ.
МАНАН-ын хулгайлсан ордыг буцааж авахын тулд Монголчууд нэгдэж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-ын хулгайлсан орд газар, газар нутгийг ард түмэнд нь буцаан авч өгнө. Үүний тулд бүх Монголчууд нэгдэж байна. Би УИХ-ын гишүүний хувьд шударга ёсыг тогтооно гэж тангараг өргөсөн хүн. Өнөөдөр хуульч ёс тогтоох үүрэг бүхий хууль хяналтын байгууллага МАНАН бүлэглэлийн хяналтад орчихоод байна. АТГ, прокурор, шүүхийн удирдах ажилтнууд бүгд МАНАН-ын гишүүд, МАНАН-ын харьяаны хүмүүс болсон. Би шударга бусыг нураахын тулд та бүхэнтэй нэгдэж байна” гэлээ.
Газрын бүх баялгийг МАНАН бүлэглэл хамсан
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Үндсэн хуулинд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Тодруулбал ард түмэн засгийн эрхэд шууд оролцоно. Мөн УИХ-д сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхэд оролцоно гэж заасан. Өнөөдөр ард түмэн төрийн эрхэд шууд оролцох эрхээ эдэлж байна. Үндсэн хуулинд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. МАНАН бүлэглэл ямар хортой гэдгийг сүүлийн 25 жилийн хугацаанд нийгэмд үүссэн тэгш бус байдал, ядуурал, байгалийн баялаг цөмлөгдөж байгаагаас тод харж байна. МАНАН бүлэглэлийн гол зорилго нь байгалийн хэвлий дэх баялгийг өөрсдөө болоод хэсэг бүлэг хүмүүст завшуулахад оршдог. Газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуулинд заасан. Гэвч сүүлийн 25 жилд бүх баялгийг МАНАН бүлэглэл хамаад, эцэс сүүлд нь улс нь хоосон, газрын хэвлий нь хоосон, байгаль нь сүйтгэгдсэн, ард түмэн ядуу зүдүү байна. Үүнийг нэн даруй зогсоож, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг бид шаардаж байна” гэв.
МАНАН бүлэглэл сонс, Монголын ард түмэн баялгаа буцааж авна
УИХ-ын гишүүн Л.Болд “1990 онд энэ талбай дээр энэ хүйтэн өдөр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ялалт байгуулсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид эрх чөлөөгөө авч чадсан ч өмч хөрөнгөө хулгайчдад алдчихжээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн энд баялгаа буцаан авахаар цуглараад байна. МАНАН бүлэглэл сонс, Монголын ард түмэн баялгаа буцааж авна гэж байна” гэв.
М.Энхболд дарга аа, ард түмнийхээ итгэл үнэмшлийг бодож огцрох өргөдлөө өг
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Анх бид нар “60 тэрбум”-ын хэргийг хууль хяналтын байгууллага хаасан байхад энэ асуудлыг сөхөхөд хүмүүс зун болоод Монголчууд найр наадам хэсээд алга болчих нь та нарыг хэн ч тоохгүй гэж байсан. Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаа юм биш бид 25 жилийн турш явж ирсэн тогтолцоогоо шинэчлэхийг хүсч байгаа юм. Ард түмний хүч албан тушаалтны дээр байдаг гэдэгт итгэх ёстой. М.Энхболд дарга аа ард түмнийхээ итгэл үнэмшлийг бодож одоо та огцрох өргөдлөө өгөх ёстой. Огцрох өргөдлөө өг гэж шаардаж байна” гэлээ.
Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд Цагдаа, тусгай хүчний байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд цуглаанд ирсэн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, галт зэвсэг болон бусад төрлийн металыг биендээ тээж байгаа эсэхийг шалган цуглаанд оролцуулж байгаа аж.
Г.Сүрэн