“Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Өнгөрөгч 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.
Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн. Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Өнгөрсөн лхагва гарагт /2018.12.26/ С.Бямбацогтод холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.
Эргэн сануулахад тухайн үед иргэн С.Бямбацогт “Тоглоомон сэлэм байсан” хэмээн мэдүүлж байсан. Мөн түүний ах болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Мөнхчулуун мэдээлэл цацагдсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, “Миний дүүгийн барьсан сэлэм Хэллоувэний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм байсан юм билээ” хэмээж байсан юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ