Төрийн албаны тухай шинэ хуулийн ӨӨРЧЛӨЛТҮҮД

img

Шинэчлэн найруулж, УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхэд ердөө ганцхан хоног үлдээд байна. Хуанлийн хуудас эргэсээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нийг заахад гурав дахь удаагаа шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль хэрэгжинэ. Маргаашаас хэрэгжиж эхлэх шинэ хууль долоон хэсэг 23 бүлэг, 77 зүйлтэй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж байгаа.

 

 

Хуульд орсон өөрчлөлтүүдийг багцлан дурдъя.

 

Нэгдүгээрт:  Албан тушаалын тодорхойлолт (Ажлын байрны тодорхойлолт)-ын талаар:

 

Төрийн албаны ажлын үр дүн зөвхөн хүнээс л хамаарна. Албан тушаалын тодорхойлолтыг албан тушаалын ангиллаар нь ижилтгэн стандартчилна. Яамдын ТНБД, агентлагийн дарга, газрын дарга, бүтцийн нэгжийн дарга, Аймгийн ЗД тамгын газрын дарга нарт яг адилхан нийтлэг шаардлага тавигдахаар журамлана.

 

Төрийн албаны ажлын байранд тавигдах  тусгай шаардлага, ажлын  байрны тодорхойлолт боловсруулна.

 

Ажлын байранд тавих шаардлагыг ганцхан удаа боловсруулж тухайн албан тушаалтныг томилдог субъект бүхэн дагаж мөрдөнө. Зөвхөн ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд л өөрчилнө. Ингэснээр хүнд тааруулж, ажлын байрны тодорхойлолтоо өөрчилдөг завхралыг зогсоох зорилготой аж.

 

Хоёрдугаарт: Төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтын талаар:

 

  • Төрийн албанд анх орох иргэний шалгалт
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт гэсэн 2 төрлийн шалгалт авна.

 

Төрийн албанд зөвхөн сонгон шалгаруулалтаар орно. Ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулж томилно.  Ажлын байр болгонд тус тусад нь сонгон шалгаруулалт явуулах бөгөөд шатлан дэвшүүлэх журмыг баримталж, төрийн жинхэнэ албаны ангиллын ахлах түшмэлээс тэргүүн түшмэл хүртэлх ангилалд тусгай шаардлага тавигдана. Албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу томилох эрх бүхий этгээд тухайн байгууллагаас болон нөөцөд байгаа иргэдээс нөхнө.

 

Үүнтэй уялдуулан сонгон шалгаруулалтын асуулгын агуулга болон бүтэц өөрчлөгдөх аж. Сонгон шалгаруулалтыг хүнээс хамааралгүй явуулдаг өнөөгийн технологи, системийг улам боловсронгуй болгож цахимаар бүртгэдэг болох нь.

 

Төрийн албаны шалгалт авахад аль болох хүний оролцоо бага байх шаардлага тавьж байгаа ч тухайн шалгуулагч нь албан тушаал хашихад ур чадвар, мэргэжил, мэдлэг боловсрол, зан үйл нь тохирох эсэхийг ярилцлага, бодлого /кейс өгч шийдвэр гаргуулах/ бодох, зарим тохиолдолд хэд хэдэн эх сурвалжаас тодорхойлолт гаргуулж, хувийн зан байдал, шинж чанарыг тодорхойлуулах зэрэг шалгууруудыг өөрчилж, шалгалтын арга аргачлалыг шинэчлэх аж.

 

Түүнээс гадна сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн нэр дэвшигчээс томилох эрх бүхий субъект нь нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ТАЗ өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно гэж хуульчилсан тул хуульд заасан үндэслэл гэдгийг нотлох шаардлага, нөхцөл бий болно. Энэ үндэслэлээ нотлох хугацаа нь бүтэн нэг жилийн хугацаа шаардаж мэдэх тул журмаар зохицуулах аж.

 

Төрийн албанд анх орох иргэний шалгалтыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар жилд нэг юм уу хоёр удаа л авдаг болно.

 

Гуравдугаарт: Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн талаар:

 

Шинэчлэн найруулсан хуульд зааснаар  14 хоногт  багтаан түр орлон гүйцэтгэгч томилно гэжээ. Иймд шинээр гарах журамд зарлан мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах, нэр дэвшүүлэх зэрэг асуудлын бодит хугацааг тооцоолон журмаар зохицуулах аж. Урьдчилсан байдлаар 80 хоногт багтаан, түр орлон гүйцэтгэгчийг асуудлыг шийдэх боломжтой юм байна.

 

Дөрөвдүгээрт: Мэдээлийн нэгдсэн сан, системийн талаар:

 

Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл гэсэн цоо шинэ бүлэг бий болсон. Энэ бүлэгт хуульчилсан заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн хувийн хэргийг шинэчлэн боловсруулж мэдээллийн шинэ бүтэц, агуулгатай систем, сан бүрдүүлнэ. Мэдээллийн энэхүү системд тухайн албан хаагчийн хувийн мэдээллээс гадна төрийн албанд ажилласан байдал, хувь хүний зан үйлийн байдал, тодорхойлолт, холбогдох шийдвэрүүд гээд бүх мэдээлэл агуулагдах тул тодорхой үзүүлэлтээр улсын хэмжээнд тогтоосон стандартыг заавал баримталсан байх  шаардлага тавина.

 

Төрийн захиргааны бусад байгууллагын мэдээллийн сантай мэдээлэл солилцох,  төрийн бусад байгууллагын хэрэгцээнд уг мэдээллийг ашиглах боломжтой байдлаар хийх аж.

 

Тавдугаарт:  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын талаар

 

Тангараг өргөх ёслолыг улсын хэмжээнд хоёр удаа буюу төрийн далбааны өдрийг угтаж долдугаар сард, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг угтаж тус тус ёслуулан төрийн албан хаагчид тангараг өргөдөг болох.

 

Зургаадугаарт: Ажлын үр дүнгийн үнэлгээний талаар:

 

Төрийн албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүнгээс нь хамааруулан албан тушаалд шатлан дэвшүүлэх, цалин нэмэгдүүлэх,  урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг чухал шийдвэр гаргах үндэслэл болох тул заавал тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан төлөвлөнө.

 

Одоогийн ажлын үнэлгээний аргачлалыг үндсээр өөрчилж ажлын байр тус бүрээр албан хаагчийн ажлыг үнэлэх, үнэлгээний ноогдох хувийг бодитой тооцох, бүтээлч, санаачилга, идэвхтэй ажилласан байдлыг харгалзахаас гадна чанарын үнэлгээг цөм болгон өөрчилнө. Төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн  үйл ажиллагааны болон ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ цахим системд суурилсан үнэлгээний аргачлал боловсруулж нэвтрүүлэх аж.

 

Долоодугаарт: Төрийн албаны төв байгууллагын талаар:

 

Төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж хараат бус, бие даасан байдлыг нь хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалт оруулж өгсөн. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг аливаа хэлбэрээр оролдох, хараат бус, бие даасан байдалд халдах оролдлого хийсэн субьектийг  ажил албан тушаалаас огцруулах, чөлөөлүүлэх санал гаргах эрхтэй болсон. Түүнд төрийн гурван өндөрлөг ч хамаарах аж. Зөвлөлийн гишүүдийн томилгоо, бүтцийг өөрчилсөн. Бүрэн эрх нь нэмэгдэхийн хэрээр хүлээх хариуцлага нь өндөржсөн байна.

 

Эх  сурвалж: Төрийн албаны зөвлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТОНШУУЛ-4:
Шал сонин сонин гарууд л төрийн албаны шалгалтыг 95% өглөө, англи хэл мэддэггүй, ярьдаггүй байж англи хэлний шалгалтыг 100% өгсөн хүмүүс маш их байдаг. Энэ бол яг үнэндээ АВИЛГА юм. АТГ бас ТАЗ-ийн шалгалтыг шалгах л ёстой. Ямар хүмүүс нь тэгж их онц аваад байгааг судлавал 60 тэрбум гэдэг шиг намын сүлжээ яг аалзны тор шиг харагдана. Хуулийн талаар их орсон байдаг. Яг үнэндээ эдгээр хүмүүс хуулиа мэддэггүй, ярьж чаддаг нь цөөхөн. Зөндөө олон хуульчид байгаад тэгээд хуулийн дагуу болж байгаа зүйл алга. Тэгэхээр энд өөр МЕХАНИЗМ ажилладаг. Тэр нь өнөө л УЛС ТӨР шүү дээ. Одоо ТАЗ-ийн дарга, удирдлагууд нь бүгд МАН-ынханы сонгосон хүмүүс. Тэд мэдээж өөрсдийнхөө намынханыг тэнцүүлэх үүрэг өгнө. Тийм болохоор ТАЗ-ийн шалгалт авах комисс, аргачлалыг боловсронгуй болгох шаардлагатай.
2019-01-02
ТОНШУУЛ-3:
Хэрвээ ЁС ЗҮЙ л гэж ярих гэж байгаа бол бүгд ижилхэн хариуцлагыг мэргэжлийнхээ, ажлынхаа өмнө ижил хүлээдэг хатуу хяналтын тогтолцоотой болж байж зөв гольдрилдоо орно. Зөвхөн ТАЗ-ын шалгалтыг харгалзахгүй байх. Тэр тестийн шалгалтыг Монголд хэн ч хэнээс яаж ийгээд хариугий нь олоод авчихна. Тест буюу сорилд найдах хэрэггүй. Ажлын туршлага, чадвар, сэтгэл зүрх, хариуцлага зэргийг нь 60-70% хүртэл харгалзаж үлдсэн 30-40%-д нь сорил байвал зохино. Одоо энэ хууль хэрэгжихтэй холбоотой тестэнд бэлтгэх хүмүүс маш их болно. Сүүлийн үеийн залуучууд бол тестийн мастерууд. Гэвч тэднээс амаар асуувал бүгд таг. Тийм учраас ШАЛГАЛТ-ыг өөр зарчмаар авах нь дээр. Сорил бол маш бага байх, илүү кейс дээр ажиллах, тухайн мөчид өгөгдсөн сэдвээр эссэ бичих, тэрийг тайлбарлаж ярих, хэлний мэдлэг зэргийг нь шалгасан зэрэг олон төрлийн хэлбэрийг агуулсан шалгалт байвал сайн хүнийг тодруулж чадна. Тэрнээс одооны энэ ТАЗ-ын арга барил, тест бол үнэндээ зүгээр хуулбар, хэдэн тест төдий, хувь хүн өөрийгөө магтсан янзтай намтарын архив юм. Уг нь бодлогоор судалдаг, стратеги, хууль эрх зүй, эдийн засаг, төрийн нууц, сахилга бат зэргийг нь давхар онцгойлон авч үздэг байх хэрэгтэй.
2019-01-02
ТОНШУУЛ-2:
Улс төрийн албан хаагч, төрийн албан хаагч 2-ын ялгааг тов тодорхой болгох. Одоо шийдэж чадахгүй байгаа Ерөнхий сайд нь нэг намын дарга, УИХ-ын дарга нь бас нэг нам. Тэгээд төрийн шийдвэр нь чухал юм уу намын шийдвэр нь чухал юм уу ямар ч зааг ялгаагүй байна. Ёс зүйн хариуцлага гэж их ярьлаа. Энийгээ бүр маш нарийн кодчилж оруулах ёстой. Тэр бандааш, бэлгэ эрхтэнээ гаргасан үйлдэл, өрөөндөө архи уусан, шашны болон аль нэгэн компаний сурталчилгааны элдэв хуралд оролцсон зэрэгт шууд хариуцлага тооцож огцруулдаг болгох, ялангуяа УИХ-ын гишүүдийн хариуцлагыг цагийн менежменттэй холбох, нийт суух хурлынхаа 3% хүртэл тасалбал шууд огцрон дараагийн хүн нь автоматаар томилогддог болох, УИХ-д кноп дарах, унтах зэргийг хүртэл ёсзүйн кодонд оруулж байж л энэ хэдэн хүмүүс ажлаа хийдэг, хариуцлагатай болно. Дээрээс нь энэ бүгдийг давхар мөнгөн торгуулиар тооцдог системд оруулбал илүү хариуцлагатай болно. Мөн бусад яамдын сайд, ТНБД, ажилтнууд, дүүрэг аймгийн засаг дарга, ИТХ-ын гишүүдэд ч энэ хамаатай. Дээрээс шүүх, прокуроруудад ч хамааруулах хэрэгтэй.
2019-01-02
ТОНШУУЛ:
Энэ их будлиантай, зориуд өөрсдөө хийсэн хууль шүү. Үүнийг бүх түвшний албан хаагчдаар хэлэлцүүлэх шаардлагатай. Төрийн алба гэж яг юугаа хэлээд байгаагаа маш тодорхой болгох ёстой. Улс төрийн намуудаас сонгуульд ялсны дараа жинхэнэ бужигнуулдаг зүйл нь энэ. Тэгээд төрийн албан хаагчид ихэдлээ, цөөлнө, цомхотгоно гэдэг. Гэтэл үйлчилгээний албан хаагчдынхаа тоог нэмж яриад байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын албан тушаал, ажил үүргийн ялгааг эхлээд тодорхой болгох ёстой. Тэгж байж ТӨР гэдэг үг нь жинхэнэ утгаа олохоос биш намдаа бас нэг сэтэртэй, 2-3 албыг зэрэг хавсрахгүй байх зэргийг хатуу журамлах, бүр улс төр, намын гишүүнчлэлээс ангид байх талаар хуульчлах ёстой. Эмч, багш, цагдаа, хуульч, шүүгч гэх мэтийг ямар ангилалаар авч үзэхээ ч тодорхой болгох ёстой. Хамгийн эхэлж цэгцлэх ажил нь Төрийн албан хаагч хэн байхаа тодорхой болго. Улс төрийн албан тушаалтнууд бол төрийн албан хаагч биш. Хуучин хуулинд улс төрийн албан хаагчидыг төрийн албан хаагч гэж заасан байдаг.
2019-01-02
Zochin:
Tr Enkhboldiin ooriigoo hamgaaluulj zohioson huuliig ni oorchilsiimuu.oorchilson bol hurdan zailuul.
2019-01-01
Анхны санаа нь зөв боловч хууль боловсруулах, батлах шатандаа замхруулчихсан хууль. Үндсэн хуулта хүртэл зөрчсөн заалттай.
2018-12-31