Архидан, согтуурсны улмаас гурван хүний амь нас хохирчээ
Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд /2019.01.01/ мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч 2017 онд шинэ жилийн баярын өдрүүдэд хүнийг алах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн бол энэ онд гурав бүртгэгдэж 25 хувиар буурсан байна. Хүний амь нас хохирсон шалтгаан нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүлийн хоорондын таагүй харилцаанаас үүдэлтэй байжээ. Мөн нэг иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгож нас барсан байна.
Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд хулгайлах гэмт хэрэг эрс буурсан байна. Энэ нь иргэд гэр орондоо амарсан, эзэнгүй орхиогүйтэй холбоотой бөгөөд энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаггүйтэй холбоотой болохыг албаныхан хэлж байна. Баярын өдрүүдэд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнхи хувийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэргүүд эзэлдэг аж. Тухайлбал Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд өдөрт 250 орчим хүн саатуулагддаг бол архи зардаггүй өдөрт 100 гаруй хүнээр буурдаг байна.
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй 7 эмэгтэй, насанд хүрээгүй 11 эмэгтэй, 7 эрэгтэй хүүхэд нийт 25 хүнийг түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ