УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-АН-ын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. АН-ын Улс төрийн зөвлөмжийг хэлэлцлээ. Өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөл шалтгаануудыг үзэл баримтлалынх нь дагу хэлье. МАН 2016 оны сонгуулиар 65 суудал авсан ч гэсэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болжээ. Өнөөдрийн байдлаар Монгол орны улс төрийн нөхцөл байдал, төрийн институци үүргээ биелүүлэх шаардлагагүй байна. Эрх баригчдын дотоод хагарлыг нэн яаралтай зогсоох шаардлагатай болжээ.
Хагарлын гол шалтгаан нь "60 тэрбум", үүнээс үүдсэн авлигатай холбоотой. Өнөөдөр асуудал хуримтлагдсан. МАН-ын дотоод хагарлыг, бүлэглэл хоорондын зөрчилдөөнийг зохицуулах ямар ч боломжгүй болжээ. Төрийн алба бүрэн дампуурсан, авлигыг зохион байгуулалттай, шат шатанд нь бий болгосон. Засгийн газар нь өөрсдөө авсан. Тийм учраас АН асуудалд бодитой хандах ёстой. Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд бид ямар ч ажил явуулж чадахгүй болсон. Ард иргэдийн төрд итгэх итгэл ундарсан. Өрсөлдөгч бүлэглэлүүдийн талцлыг нэн зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөнө. Эцэст нь УИХ үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ. Өнөөдөр МАН хуралдахгүй байгаа шалтгаан нь хагарал хэзээ ч эвлэрэхгүй гэсэн дохио. АН-ын Улс төрийн зөвлөлөөс гаргасан УИХ-ыг нэн даруй тарааж, УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах ажилдаа маргаашнаас нэн даруй тараана. АН ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө хуулийг өнөөдрийг хүртэл сахиж ирсэн. Хуульгүйгээр ард иргэдийг талцан хувааж, улс төрийн ашиг хонжоо хайж болохгүй. Энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. УИХ нэн даруй тарж, шинээр УИХ зохион байгуулагдаж байж үйл ажиллагаа үргэлжлүүлнэ.
Үндсэн хуулийн болон УИХ-ын хуулийн заалтыг үндэслэн "УИХ-ыг тараах тогтоолын төслийг санаачлан боловсруулж, нийт гишүүдээр гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлнэ. Мөн ээлжит бус сонгууль явуулах төслийг өргөн барина.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Валютын ханшийн өсөлт, өр зээлийн асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэхээр Засгийн газарт асуулга тавьсан ч 40-өөд хоногийн хугацаа өнгөрлөө. Тиймээс үйл ажиллагаагаа явуулж чадахгүй гацаж байгаа УИХ тарж, шинэ УИХ-ыг байгуулах цаг болжээ.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-ыг тараах саналыг гишүүдийн 3/2 нь дэмжих заалттай. Энэ хэмжээнд хүрэх болов уу?
-Би сүүлийн үед шударга ёсыг яриад байгаа гишүүдийг хамгийн түрүүн гарын үсэг зурах хэрэгтэй гэж бодож байна. Ардчилсан төрөө авч үлдье, шударга ёсыг тогтооё гэж байгаа бол УИХ-ын тогтоолоо боловсруулж хэлэлцүүлэх хэрэгтэй. УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьж байгаа 40 гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын төсөлд гарын үсэг зурсан 15 гишүүн байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийн 3/2 нь эндээс бүрдэнэ гэж бодож байгаа. Түүнээс бус шударга ёсны дүр эсгэж ард түмнийг үймүүлж болохгүй.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцээгүй байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэхээс илүү УИХ-ыг тараах, дараагийн УИХ-ыг байгуулах төслийг хэлэлцэх хэрэгтэй.
Н.Энх