Орон нутгаас ирсэн хавдартай өвчтнүүдэд зориулсан байр нээгдэнэ

img

Хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тохь тухтай байранд байрлуулах, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх, тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдэд зориулсан анхны байрыг Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ, хандивлагчдынхаа хамтаар бүтээн босголоо.

 

Нэг дор нийт 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах “Дарь эхийн өргөө” нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө, өвчтөн болон асран хамгаалагч нар байрлах нийт 14 өрөөтэй. Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ нь 2017 оны 11 дүгээр сараас хойш 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн, бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, манай улсад хамгийн анхдагч тусгай зориулалтын энэхүү байрыг тохижууллаа. Канад, Австрали, Америк, Англи, Малайз, Энэтхэг зэрэг олон оронд төрийн бус байгууллагууд нь ийм төрлийн үйлчилгээг үзүүлдэг аж. 


Дарь Эхийн Өргөөний нээлтийн үйл ажиллагаа маргааш 13.00 цагт болно. Тус өргөө Оюутны хотхон, Арслантай гүүрнээс урагш, Анагаахын Оюутны 2-р дотуур байрны баруун талд Хавдрын Үндэсний Зөвлөлийн байранд байрлаж буй аж.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ