М.Энхболд: Ж.Батзандан асуудал тулгарахад зугтаад алга болдог хүн

12:00 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаалчилсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ. Уг хуулиар УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх заалт оруулж байгаа юм. Гишүүн С.Бямбацогтын хуулийн мөрдөх хугацааг заах горимын санал дэмжигдэж, харин Ж.Мөнхбат гишүүний “3/2 нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг чөлөөлөх” санал олонхийн дэмжлэг авсангүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:
-Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Миний улс төрийн үйл ажиллагаанд оролцсон миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг Батзандан яг асуудал тулгарахад зугатаад алга болдог хүн. Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ёс зүйтэй байвал бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой гэсэн юм. Ингээд дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Нотариатын тухай хуулийн хэлэлцлээ. Энэ үеэр гишүүн Ж.Батзандан:
-Зандалчлах гэдэг зүйл ангиар би шалгуулсан. Намайг шатаагаагүй юм байна гэсэн. Таныг огцор гэж 50,60 мянган хүн жагсаж байхад та огцрохгүй байна. Танаас болж Монгол шатаж байна, танаас болж Улаанбаатар утаатай болж байна. Та их газар тараадаг юм байна. Битгий олон юм яриад бай.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Гоёо байна. Гардан тулаанд орж байна. Уур амьсгал ийм байгаа үед хууль яриад хэрэггүй. Анхнаасаа хуйвалдаанд ороод явж байхад хэрээ хэрээнийхээ харыг гайхаж байна. МАНАН МАНАН-гийнхаа эсрэг явахгүй ээ. Хүнтэй тэмцээд байна. Сэтгэлээ нээвэл их юм гарна даа.
Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар Нотриатын тухай хуулийг баталлаа.
Ж.Мөнхбат:Бид парламентын дархлаа руугаа гар дүрж байна
11:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр "УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлх заалт оруулж байгаа юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав. Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. С.Бямбацогт гишүүн уг хуулийн төслийг хэрэгжүүлэх хугацааг зааж өгөх хэрэгтэй гэсэн санал гаргасныг олонхи дэмжлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Та бүхэн нам дотроо ойлголцоол явах байсан юм. Ер нь гэртээ хэн нэгэн цоорхой оймстой явсан. Энэ жагсаж байгаа хүмүүс орных нь хүнийг хамтатган оруулж ирээрэй гэж хүссэн шүү"
Ж.Мөнхбат гишүүн "УИХ-ын даргыг гишүүдийн 3/2-оор чөлөөлдөг байя" гэсэн саналыг оруулсан. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм билээ.
Гишүүн Ж.Батзандан "Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн эрэг дээр зогсож байна. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй" гэсэн бол гишүүн Л.Энх-Амгалан:
-Би Ж.Батзандан гишүүнтэй эсрэг саналтай байна. Улс орныг хуульгүй болгох нөхцөл рүү уриалан дуудаж байна. Парламентын дархлаа гээд ганцхан УИХ-ын даргын дархлааг яриагүй. Ардчиллын дархлааг л яриад байгаа юм. Төр тогтвортой байх ёстой. Бид ухарч байна уу, хойшилж байна уу гэдгээ бодох ёстой. Энэ хууль батлагдаад ҮХЦ дүгнэлт гарах юм бол хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг санаачилсан Ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү, энэ хуулийг баталсан УИХ хариуцлага хүлээх үү. Буруу хууль баталсан хариуцлагыг хүлээх үү. Энэ бол түүхийн өмнө очих ёстой хариуцлага.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-"Бүх амьтад эрхтэй. Гэхдээ гахай бүүр эрхтэй" гэдэг. Шоронд ороод зандачлах эрхээр шалгагдаад явж байхад чинь өмгөөлөөд явсан хүний хувьд хэлье. Би гурав хоног бүлгийн дарга хийсэн. Гэтэл бүлэгт ажиллаж байсан хүүхдүүд ажлаас хэдэн цалингаа авч чадахаа байлаа гээд явж байсан. Ц.Нямдорж гуай "УИХ-ын дарга болъё" гээд гуйгаад явж байна гэсэн. Тэр бид хоёрын УИХ-ын дарга хийх ч юу байх вэ. Зургаан удаа сайд хийгээд юу ч хийгээгүй. Ерөнхийлөгч ч, МАН-ын дарга ч УИХ-ын гишүүн биш. Тиймээс УИХ-ын Дэгийн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. УИХ-ын даргыг гагцхүү хуульд үндэслэн огцруулна гэж байгаа. Түүнээс биш хэн дуртай нь хууль бариад оруулж ирээд огцруулж хэрэггүй. Олонхи нь цөөнхөө барьж иднэ гэж болохгүй. Тиймээс Ж.Мөнхбатын яриад байгаа зүйл даргыг тойруулж хэлээгүй байх гэж би ойлгож байгаа шүү.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хувьсгалын үед хууль байдаггүй гэж хэлж болохгүй. Монгол Улс хуультай. Хууль тогтоогчид хуулийг сахиулах үүрэгтэй. Нийгэм өнөөдөр давалгаатай байгаа. МАНАН гэж яриад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга, сайд Ц.Нямдорж, гишүүн Л.Болд МАНАН-гийн үед сайд болж байсан шүү.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Өнөөдөр бид парламентын дархлаа руугаа гар дүрж байгаа. Монгол төрийн босго намсаж байгаа. Үндсэн хуулиа л өөрчлөхгүй бол Монгол Улс парламентын засаглалтай хэвээр байна. Би дархлааг нь хэт сулбайлгах биш амин чанарыг нь хадгалж үлдэхийг бодож энэ саналыг гаргасан.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын дарга нь Засгийн газрыг огцруулах саналд өөрөө гарын үсэг зурдаг байж болохгүй. Парламентын дархлаатай холбоотой асуудал үүсч магадгүй. Тэгвэл УИХ-ын даргыг өөрөө өргөдлөө өгч огцрох эрх нь байгаа.
Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн олонх Ж.Мөнхбат гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ