Ё.Баатарбилэг:Албан тушаал шаардахаар чуулганд суучихаад ажил ярихаар алга болж болохгүй

13:05 цаг
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэлэлцэж байсан юм. Гишүүд үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт болох юм.
12:50 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Өглөө пиг дүүрэн байсан гишүүд хаачсан бэ? Албан тушаал шаардахаар пиг дүүрчихээд, ажил ярихаар алга болчих юм. Өрөөндөө ороод сууцгаагаад байна уу" хэмээгээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуултаа тавилаа. Тэрбээр:
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаанд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж, дэмжиж болох уу. Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангавал ямар дэмжлэг байх вэ. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлт хөдөө орон нутагт үйлчлэхгүй байна.
ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:
-Үнэ тариф, хөнгөлөлтийн асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Агаарын бохирдлыг бууруулах асуудал дээр нарны дэлгэцийг ашиглах нь чухал. Шөнө тарифийн хөнгөлөлтөөр нарны батерейгээ ашиглаж болно. Төсөл хөтөлбөр батлагдвал нэн түрүүнд халамжийн төвүүдэд хэрэгжүүлнэ. Хотын төвийн бүсийн 42 мянган айлд 4 кВт-ын эрчим хүч ашиглах боломж бүрдсэн. Эрчим хүчинд хөнгөлөлт үзүүлээд байвал төвөгтэй. Эрчим хүчний зардал, түгээж байгаагаасаа өндөр. 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг хүссэн бүрээр нь хөнгөлөх боломж байхгүй. Манайх ОХУ, Хятад улсаас хоёр дахин хямд эрчим хүч хэрэглэж байна.
М.Энхболд: Би гүтгэлэг, доромжлолыг тэсээд гарна
11:00 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд горимын санал гаргалаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:
-Би хуулийн дагуу УИХ-ын даргын ажил, албан тушаалаас татгалзах зүйл байхгүй. Зууралдсан зүйлгүй гэдгийг би удаа дараа ярьсан. Би энэ хуулийг өөрөө ч дэмжсэн. Гишүүдийн тавьж байгаа санал онолыг тавьж байгааг буруутгах зүйлгүй. Надад нэг хоёр хоногийн наана цаана гээд зууралдаад байгаа зүйлгүй. Би хуулийн бололцоотой хугацааг харж байгаа. Төрийн мэдээлэл сэтгүүл энэ сарын 28-нд хэвлэгдэж гарна. Яаралтай горимоор хэлэлцэх гэдгийг би ойлгож байгаа. Яаралтай горимоор хэлэлцэх захирамж өнөөдөр 13:00 цагт гарна. Хуваарьт чуулганы хуралдааныг хоёр хоног нааш татаж, мягмар гаригт хуралдуулна.
Би сүүлийн хоёр сар хар ногоон зүйлээр гүтгүүлсэн. Би энэ бүхнийг тэсээд гарна. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл ЗГХЭГ дээр бэлэн болсон байгаа. Үүнийгээ түр хороо хэлэлцэх хэрэгтэй. Монголын нийгмийн амьдралд сайн мэдээлэл ч түгээж байгаа зүйл бий. Бас саар зүйл ч мэдээлж байна гэлээ.
Ингээд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэлэлцэж эхлэв.
Т.Аюурсайхан: Би элэгдэл, хорогдол ихтэй хуучин байр худалдаж авсан
10:50 цаг
УИХ-ы чууланы нэгдсэн хуралдаан эхлэв. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагааар гишүүд горимын санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-ЖДҮ-чид холбоотой асуудлаар мэдээлэл сонсмоор байна. ЖДҮХС-гаас зээл авсан биш гэмт хэрэг үйлдсэн гэх нүдэндээ итгэмгүй зүйл сонсож байна.
Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар бас мэдээлэл сонсмоор байна. Засгийн газрын өр зээл хэрээс хэтэрлээ.
Манай Эрдэнэтийн залуу цэрэгт яваад амиа алдлаа. Манай тойргийн иргэд энхийн цагт эрүүл саруул гээд цэрэгт явсан хүүхэд яагаад амиа алдав.
Дээр нь цагдаагийн байгууллага шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад яагаад гадны нөлөөтэй, нөлөөгүйг мэдээлээд байна. ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж болохоор дандаа балай хэрэг гарах юм. Сайдыг чөлөөлөх асуудлыг оруулж өгмөөр байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн заалтыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өнөөдрийн үдээс хойш хэлэлцмээр байна. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, өнөөдрийн хэлэлцэх асуудалд оруулахыг хүсч байна.
Мөн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүсч байлаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Намайг гүтгэж харлуулж байна. Би элэгдэл хорогдол ихтэй, хуучин орон сууц худалдаж авсан. Засвар их хийсэн. Ноцтой асуудлууд байр байтугай гарч ирнэ" хэмээлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:
-Өнөөдөр УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлж байна. Бид энэ хуулийн заалтыг 28-нд үйлчлүүлэх байсныг 25 гэж ойлголцсон. Би УИХ-ын Тамгын газрынханд ирэх мягмар гаригт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал төсөөлөл байна гэж хэлсэн. Манай байнгын хороон дээр 10 гаруй асуудал хэлэлцүүлэхээр хүлээж байна.
Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг товлон зарлах асуудал байгаа. Манай байнгын хороо дор хаяж гурван удаа хуралдах юм байна. Эхлээд УИХ-ын даргыг чөлөөлөх, ирэх долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа, би.
Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал хэлж байна
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ