Б.Чойжилсүрэн:Засгийн газар валют оруулж ирэх талаар дорвитой ажил хийсэнгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хуралдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонсов. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Сүүлийн 10 жилд Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарлаа. Валютын ханш өнөөдөр 2636 байсан. Сүүлийн үед Монгол Улсын экспортын хэмжээ долоо тэрбум ам.доллар, худалдааны тэнцэл 12,8 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл 1,1 тэрбум төгрөг байна. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн. Өрийн хэмжээгээр Засгийн газрын өрийг 2017 онтой харьцуулахад 1,7 их наяд төгрөгөөр буурсан байна. 2019, 2020 онд төлөх гадаад, дотоод том өр байхгүй. Өөрөөр хэлбэл, өрийн дарамтгүйгээр явах он жилүүд юм. Цаашид өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувьд барьж байж эдийн засаг эрсдэлгүй байх болно гэж үзэж цаашид буулгах хэрэгтэй хэмээгээд гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Эдийн засагт нааштай өөрчлөлт гарсан гэдэгтэй санал нэг байна. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Өр буурсан. Эдийн засаг өссөн. Ханшийг хатуу тогтоох тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ханшийг хатуу тогтоодог тал байдаг. Энэ тохиолдолд валютын нөөц өндөртэй байх ёстой. Нөөц бүрдүүлдэг эх үүсвэр нь тогтвортой байх ёстой. Валютын ханшийг хатуу тогтоож явдаг системийг аль болох барихгүй байх бодлого барьдаг. Монгол Улсад өнөөдрийн байдлаар валютын ханшийг хатуу тогтоогоод явах боломж бүрдээгүй байна.
Зээлийн хүү дээр захиргааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь буруу. Эдийн засгаа сайжруулж, хүүг бууруулах арга хэмээ авах хэрэгтэй. Монгол Улс руу чиглэсэн хөрөнгийн урсгалыг чиглүүлэх нь зөв.
Монгол банкны дэд Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн:
-Монгол Улсын хувьд хангалалттай хэмжээний валютын нөөцтэй болж чадаагүй. Заасан хэмжээний 50 хувийн нөөцтэй байгаа.
Монголбанкны зүгээс зээлийн хүүг жамаар нь бууруулах нь зөв гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:
-Засгийн газар доноруудтайгаа харьцаж чадахгүй байна гэсэн хардлага байна. Яагаад Дэлхийн банк, ЖАЙКА-гаас орж ирэх валют орж ирэхгүй байна вэ? Засгийн газар валют орж ирэх талаар ажил хийсэнгүй. Эдийн засаг өслөө гэж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлын үр дүнгээр эдийн засаг өссөөр байгаа. Хамгийн гол хүндрэл бол валютын хомсдол. Экспортын орлогыг улам бүр нэмэх ёстой.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-ОУВС-тай хөтөлбөр зогсоосон гээд чамайг яриад байгааг би сонссон. ОУВС үйл ажиллагаагаа явуулж, үнэлгээгээ хийж байгаа. Олгогдох ёстой бүх мөнгөө олгоод явж байгаа. АХБ мөнгөө өгөөд явж байгаа. ЖАЙКА-гийн олгох мөнгө нь шинэ нисэх онгоцны буудалтай холбоотой. Наадмаас өмнө нисэх онгоцны буудал ашиглалт орсны дараа мөнгө нь ороод ирнэ.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар нь асуулга тавьсан гишүүн Д.Эрдэнэбат дүгнэлтээ хийлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ