“Халтуур” хийвэл 100 мянган төгрөгөөр торгоно


Хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж эхлээд байгаа.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл “халтуур” хийвэл 100 мянган төгрөгөөр торгож эхэлсэн.
Хянал, шалгалт эхэлснээс хойш Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1 аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу 1 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоожээ.
Эл шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс олон байна. Гудамжинд гараа өргөөд зогсоход хууль ёсны такси ирдэг бил үү? Өглөө оройд ажил хичээл тарах “оргил” цагаар хууль ёсны таксиг дуудахад “Ойр явж байгаа машин алга. Очих боломжгүй” гэх үгсийг олонтаа хэлдэг. Энэ үед хууль ёсны биш буюу амьдралаа л залгуулах гэж өглөөнөөс орой хүртэл эсхүл ажил хичээлээ тараад харих замдаа хоолны мөнгөө олчихдог “халтуурчид” л аминд орох нь элбэг.
Гэхдээ юм үргэлж хоёр талтай тул мөрөөрөө “хөөрхөн” мөнгө олчихдог нөхдүүд байхад даварсан, даналзсан “халтуурчид” бас бий. “Хаашаа явах уу” гэж асууна. Түгжрэлд оруулчихлаа гэж уурлана. “Тийшээ түгжрэлтэй тул энд буучих эсхүл ажил гарчихлаа ингэс гээд зогсчиход болно биз дээ” гэх мэтээр мөнгөө төлсөн үйлчлүүлэгчид бүрэн дүүрэн үйлчлэхгүй “оноо алдаж” бусдыгаа хөлдөө чирсэн нөхдүүд ч байна.
Албаныхан хяналт, шалгалтаа сайжруулж, 100 мянган төгрөгөөр торгож эхэлснээр хувиараа такси үйлчилгээ эрхлэх иргэн ховор болно. Улмаар албан ёсны такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд олширч гудамжны үзүүрт ч “Такси” гэсэн таних тэмдэгтэй хууль ёсны такси таныг хүлээж байх аж.
Алс хэтдээ үнэхээр ийм үр дүнд хүрчихвэл хаа хаанаа амар л байна. Үгүй бол амьдралаа залгуулах гэж таксинд явдаг олон хүнийг дэмий л ажлын байргүй, орлогогүй болгох вий!!!
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ