Г.Занданшатар: Хаврын чуулганаас эхлээд гишүүд хурууны хээгээр саналаа өгдөг болно

УИХ-ын дэгийн тухай хуулийн хэрэгжилт, гадаад орны туршлага, шинэчлэлийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын хаврын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотой зайлшгүй хуулийн хэлэлцүүлэг өрнөж байна. Татварын багц хуулийн, Төрийн ажил үйлчилгээ, бараа худалдан авах талаар төслийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ бүхэн бүтээн байгуулалттай холбоотой яаралтай хэлэлцүүлэх ёстой хуулиад байгаа.
Үндсэн хуульд “Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Энэ эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Ингэхдээ ард түмнээсээ сонгогдсон төрийн дээд байгууллага бол УИХ. УИХ дэгийн тухай хуулиар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
Хууль тогтоох байгууллага асуудлыг шийдвэрлэж, хууль тогтоож байгаа ч УИХ-ын гишүүдийн ёсзүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Хариуцлага, дэг журмыг УИХ-ын дээд байгууллагаасаа эхлэн тогтоох ёстой Парламентат засаглалын нэр хүндийг бид сайжруулах ёстой.
Парламентын мэтгэлцээн ард түмний хүсэл зорилгыг биелүүлсэн, баримтад тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах үйл ажиллагааг сайтар хийснээр парламентын нэр хүнд дээшилнэ. Бид гадаад улсуудаас сайн жишгийг нэвтрүүлэх шаардлагатай. Өнөөдрийн арга хэмжээнд бид УИХ-ын дэгийн хуулийг хэрэгжүүлэх бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь хүрээнд анх удаа иж бүрэн дүн шинжилгээг хийсэн. Үүн дээр үндэслээд парламентат ёсыг боловсронгуй болгох судалгаа гаргасан. УИХ-ын хаврын чуулганаас эхлээд хурууны хээгээр гишүүд саналаа өгч хууль хэрэгжүүлдэг болно. Хүний өмнөөс кноп дарах асуудал байхгүй болж, цэгцэрнэ. УИХ танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх ёсгүй. Жинхэнэ ард иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлдэг танхим болно хэмээлээ.
Дараагаар нь ХЭҮК-ийн дарга Д.Бямбадорж УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг хөндөн саналаа хэллээ. Тэрбээр “Ирцийг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр бид ярих хэрэгтэй. Парламентын эхэн үед бид эрхзүйн системийг бүрдүүлж, УИХ-ын гишүүд байнга суугаад байх боломжгүй болсон үед УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал тулгарсан. Дэлхийн жишгээр парламентад голлох байр суурийг илэрхийлдэг зүйл нь намын бүлгүүд. Намын бүлгүүд ирцээ бүрдүүлдэг асуудлыг яаралтай хийж өгөөч. Хэлэлцүүлэг, санал хураалт хоёрыг салгах цаг болсон. Хэлэлцүүлэгт намын бүлгүүдийн бодлого, байр суурийг эхэнд нь ярилцах ёстой.
Цаашлаад УИХ-ын хянан шалгах үүрэг орхигдож байна. УИХ ажлын хэсэг гаргаад л шалгаад орхиж байна. Засгийн газраас хараат бус, УИХ-аас байгуулагддаг ажлын хэсэг гаргаж, хянан шалгах хэрэгтэй гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ