ШШГЕГ: Хорих ангийн харуулууд сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй

Салхины мөнгөний ордын эзэмшигч, ашиглагч компаниудын хоорондын маргааныг шалгах явцад илэрсэн их хэмжээний авлигын хэрэгт шалгагдаж байсан хуульч Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдан хорих 461 дүгээр ангид тухайн хэрэг болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Өчигдрөөс ШШГЕГ-аас томилогдсон ажлын хэсэг албаны дотоод шалгалтыг эхлүүлсэн.
Хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед хяналтын ажилтан, давхрын харуулууд ажлын байрандаа байсан. Зарим хэсэгт байрлуулсан камер өрөөг бүрэн хянах боломжгүй байдаг. Шалгалтын дараа бүх асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.
Талийгаачийн хоригдож байсан өрөө хяналтын камертай аж. Хорих ангийн дотоод журманд цагдан хоригдож байгаа этгээдийг тухайн улирлын хувцастай нь орохыг зөвшөөрдөг юм байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ