Ялгаа: Америк, Монгол залуусын ШОУ

Долоо хоногийн энгийн л нэг гарагийг “Баасан ахын төрсөн өдөр” хэмээн хэзээ хэн ч юм нэрлэчихсэн. Тэгээд яагаад ч юм бүгдээрээ баярын өдөр мэт хүлээн авч эл өдөр найз нөхдөөрөө наргиж цэнгэх болсон. Угтаа ажлын долоо хоногийн сүүлийн өдөр болохоор л “маргааш амарна” гэдэг бодлоор ажлын ажлаал ядаргаагаа тайлахыг зорьдог байх л даа. Гэхдээ манайхан баасанд “балайг нь” авдаг гэдэг.
Тэгвэл Монгол залуучууд хэрхэн шоуддаг вэ? Үүнд хариулт хайж өнгөрөгч баасан гарагт /2019.02.22/ Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилсан сэргийлэх хэлтсийн алба хаагчидтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр 23.00-04.00 цагийн хооронд шөнийн сурвалжлаганд явлаа.
Ганцхан шөнө тайван амрах хүсэл...

Эхний дуудлага: Хойд эцэг нь охиноо зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу Баянгол дүүргийн ...тоот байрны үүдэнд очиж, дотогш оров. Согтуурсан 52 настай хойд эцэг нь 25 настай охиноо үсдэж хана мөргүүлсэн, зодож дарамталсан гэдгийг мэдүүлэв. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг зайлшгүй хийдэг аж.
Энэ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас эрүүл мэндэд учирсан эсвэл учирч болох эрсдэл, аюулгүйн зэргийн үнэлгээ юм. Аюулын зэргийн үнэлгээ бага, дунд, өндөр байх бөгөөд үүнийг 30-40 асуулгаар оноо тооцож тогтоодог.
Аюулын зэргийн бага түвшин нь: Хохирогчийн зөвшөөрөлгүй уулзах, харилцаа тогтоохыг оролдох, сэтгэл санааны дарамтад оруулсан, хүүхдийн хүмүүжилд хохирол учруулсан, эдийн засгийн дарамтад оруулсан нөхцөл байдал
Аюулын зэргийн дунд түвшин нь: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь хохирогч түүний гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, дагаж мөшгисөн, ятгасан нөхцөл байдал.
Аюулын зэргийн өндөр түвшин нь: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь хохирогч, түүний хүүхэд, гэр бүлийн бусад гишүүдийн амь насыг нь заналхийлж, бие махбодид нь гэмтэл учруулсан, хүчирхийлэл даамжирсан, байнгын дарамтад байлгасан, гадны биет буюу галт зэвсэг хэрэглэдэг эсвэл хэрэглэж болзошгүй нөхцөл байдал.
Аюулын зэргийн үнэлгээ өндөр буюу гурваас дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар хоёроос дээш жил хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Гэхдээ аюулын зэргийн үнэлгээ ямар ч гарсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг саатуулна. Дараа нь 7-30 хоног эсхүл түүнээс дээш хугацаагаар хорих хүртэл арга хэмжээ авдаг байна.
Охиноо зодсон хойд эцэг нимгэн цамцтай цээж нүцгэн цагдаагийн автомашинд суухад эхнэр нь гэх эмэгтэй араас нь зузаан хувцсыг нь бариад яаран гарч ирэх аж. “Эгч нь маргааш очиж авна. Хаана, аль хэлтэст очиж хэн гэдэг цагдаатай уулзах вэ” хэмээн учирлах юм.
Өнөөдөр охиноо зодуулсан ч маргааш нөхрийнх нь архи гарч амьдрал үргэлжлэх тул ганцхан шөнийг л амар тайван өнгөрөөхсөн гэсэн л хүслээр цагдаад дуудлага өгөө байхдаа гэсэн бодол бууж байв. Эсвэл эсрэгээрээ буцаж ирэхдээ арай зөөлөн “буух” болов уу гэсэн горьдлого ч байж болох... Хүний амьдралыг дүгнэх эрхгүй. Гэхдээ л бүрэн мөсөн явуулах сэтгэл тэр эгчид огт байхгүй нь илт...
Согтуу бүсгүйчүүд санаа зовоов
Хоёр хоёроороо явган эргүүл хийхээр үүрэг аваад гарч буй цагдаагийн алба хаагчдад дарга нь “Аливаа асуудал маргааныг шийдвэрлэхдээ болгоомжтой хандаж, хамт яваа алба хаагчаа хамгийн түрүүнд хамгаалаарай” хэмээн захисан. Цагдаа иргэнийг аврах ёстой гэдэг. Гэтэл бас цагдааг дарга нь “амь насаа хамгаалаарай” хэмээн захиж байна. Үнэндээ залуучуудыг л өнөөх “баасан ах”-ынхаа төрсөн өдрийг начилдаангүй тэмдэглээд өөрийгөө болоод өрөөлийг гэмтээж бэртээчихгүйхэн шиг гэртээ хариад унтаасай гэж цагдаагийн ажилчид бараг л залбирдаг юм билээ.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Модны хоёр” орчмоор Эргүүл хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлстийн алба хаагч нар эргүүлийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Тэд шөнийн 03.00 цагаас өглөөний 05.00 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ хугацаанд хөл хөдөлгөөн тасардаггүй аж. “Бидний хувьд энд тэнд согтсон тасарч унасан биеэ авч явах чадваргүй иргэдийг ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Өнөөдрийн хувьд бүсгүйчүүд архи ууж согтсон байдал их ажиглагдлаа. Үүнд бид анхаарал тавьж гэр бүл, ар гэрт нь хүлээлгэн өгөх эсвэл төрийн хамгаалалтад эрүүлжүүлэх байранд саатуулах арга хэмжээг авч байна” гэлээ.
Нээрэн л шөнийн цэнгээний газрын үүдэнд хоёр бүсгүй тэврэлдэн суугаад сэтгэлийн үгсээ ярилцаж байх юм. Мөн “Модны 2”-ын автобусны буудал өгсөөд хоёр согтуу бүсгүй гуйван дайван автомашины зам дээгүүр хээв нэг хэлхэлдэн алхаж, дуут дохио дуугаргаж анхааруулсан жолоочид дунд хуруу гаргаж байв. Ууж, идэж наргж цэнгэлгүй л яахав. Гэхдээ бодолтой, болгоомжтой байвал өөрсөд нь өлзийтэй баймаар.
Америк, Монгол залуус хэрхэн шоуддаг вэ
Ажиглаад байхад Монгол залуус биеэ хянах чадвараа алдатлаа архи согтууруулах ундааг ууж хэрэглэж байна. Цэнгээний газар, караоке, ресторанд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд гадагш гардаг. Дараа нь гудамж, талбай олон нийтийн газарт бусадтай маргалдаж гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн хохирогч болдог байна.
Өнгөрсөн онд Нийслэлийн хэмжээнд 25652 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 7619 буюу 30 хувь нь архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг газрууд болон гудамж талбай олон нийтийн талбайд үйлдэгдсэн байна.
Ингэж уусан идсэнээ шингээж чадахгүй эцэст нь гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох явдал их байна. Гэтэл Америк залуус хэрхэн шоуддаг талаар подкаст сонсож үзлээ. АНУ-д дөрөв дэх өдөр хүмүүс их шоуддаг гэнэ. Учир нь амралтын өдрөөр цаг заваа гэр бүлдээ бүтэн зарцуулахаас гадна гэртээ шартаж хэвтэхийн оронд ажил дээрээ цалинтай шартдаг байх нь. Харин манайд тав дахь өдөр тасартлаа уугаад маргааш нь нам хэвтдэг нийтлэг ойлголттой.
Америкт тасартлаа уугаад гудамжинд унасан, таксинд бөөлжих хүн тун ховор аж. Учир нь өөр өөрийн түвшингээ, хэр хэмжээг мэдэж уудаг гэнэ. Маргааш ажилтай гэдгээ ч ухамсарладаг аж.
Тэнд тархиа амраахын тулд сайхан хөгжим сонсож, найз нөхөдтэйгээ уулздаг бол манайд ч ийм зорилгоор ууж эхэлдэг ч эцэст нь биеэ хянах чадвараа алдах хүртлээ архи согтууруулах ундааг хэрэглэж байна. Улмаар гэмт хэрэгтэн эсвэл гэмт хэргийн золиос болох явдал их.
Ингэж гэмт хэрэгт холбогдох нөхцлийг ТҮЦ эрхлэгчид бий болгох үе ч байдаг аж. Учир нь ТҮЦ эрхлэгчид дотроо хонодог нэрээр цагдаагийн алба хаагчдын нүдийг хуурч тамхи худалдаалдаг. Улмаар архиндаа халамцсан нөхдүүд тамхи авахаар ТҮЦ-ийн үүдэнд бөөгнөрч хэрүүл маргаан дэгдээдэг байна. Нэг цэгт бөөгнөрөл үүсгэж, хооронд нь маргалдах үндэслэлийг тавиулахгүйн тул цагдаагийн алба хаагчид шөнөжин эрүүл хийж байна.
Баянгол дүүрэгт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 300 гаруй цэг байна
Ниийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс архи согтууруулах ундаа худалдан борлуулах хамгийн олон цэгтэй хэлтэст дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллав.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг 300 гаруй газар байдаг. Энэ дүүрэгт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг бусад зөрчил бусад дүүргээс илүү ирдэг байна.
Баар, ресторан, цэнгээний газрууд хяналтын камеруудыг дотор болон гадна талдаа байрлуулсан байх ёстой аж. Барилга, орон сууцны талбайд хяналтын камер суурилуулах шаардлагад тухайн аж ахуй нэгж байгууллагуудын суурилуулсан хяналтын камер нь 45 хоногоос багагүй хугацаагаар бичлэгээ хадгалдаг, нягтаршил сайтай, өдөр шөнийн бичлэг хийх чадвартай, хүний содон шинж тэмдэг болон тээврийн хэрэгслийн дугаарыг харах боломжтой байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Нийслэлийн цагдаагийн газраас Баянгол дүүргийн хэмжээнд шалгалт хийхэд аж ахуй нэгжүүд хяналтын камер байршуулсан боловч зарим нь бичлэгээ хадгалдаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Энэ бүгдэд Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөмж өгч ажиллаж байна.
Ийнхүү их хотын нэгэн шөнийг цагдаагийн алба хаагчидтай эрүүл хийж өнгөрүүллээ. Ээ дээ залуус минь наргиж цэнгэлгүй л яахав. Гэрээ олж очоод, гэргийгээ гомдоолгүй унтах ухамсараа гээтлээ бүү согтоорой.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ