"Уурхайчиддаа туслая" хандивын аяныг эхлүүлжээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд /2019.02.28/ 17.00 цагийн үед хөрсний нуранги үүсч зургаан ажилтан дарагдсан осол гарсан. Уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж 2 ажилтныг аварч, хоёр иргэнийг цогцсыг гарган аваад байгаа. Осолдсон хоёр иргэнийг эрэн хайх аврах ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулсаар байгаа ч үр дүнд хүрээгүй байна.
Энэхүү уурхайн осолтой холбогдуулан эдийн засагч Л.Наранбаатар "Уурхайчиддаа туслая" хандивын аяныг эхлүүлжээ. Одоогоор тус хандивын дансанд 1 сая төгрөг хуримтлагджээ.
Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар "Сая осолдож бэртсэн залуус, талийгаач нарын ар гэрийнхэнтэй ярилцах үнэхээр хүнд байлаа. Тэд сэтгэл санааны гүн хямралд байна. Хоёрдугаар сарын 28-д "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хана нурж, 4 залуугийн амь эрсдэж, 2 нь бэртэл авч Улаанбаатарт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Эмчтэй нь уулзаж бас ярилцлаа. "Сонгдо" эмнэлэгт Болдсайхан эмчийн хяналтад амьд үлдсэн залуус эрчимт эмчилгээ хийлгэж байна. Осолдсон уурхайчид 35-53 настай, 2-5 хүүхэдтэй, нярай болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүд нь өнчирч хоцорлоо. Маш хүнд байна. Уурхайн нурангиас 2 хүнийг одоо ч эрэн хайсаар байна. Хүйтэн, устай, шавартай маш хүнд нөхцөлд аврах анги, ОБЕГ өдөр шөнөгүй ажиллаж байна.
Найз нараа, уурхайчидаа бүгдээрээ уурхайчдынхаа гэр бүлд туслая. Монгол улсынхаа эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа нэг уурхайчин жилд 42 сая төгрөгийн татварын орлого бий болгодог, алтан гартай, жирийн бор хөдөлмөрчид. Харамсалтай нь бидний төлсөн татвар хаашаа, юу руу орсон нь мэдэгдэхгүй улстөрчдийн гараар ороод алга болж байна. 50 мянга орчим уурхайчин ар гэрээсээ хол, даарч хөрч, амжиргаагаа, өрх гэрээ, улс ороноо чирж яваа. Уурхайчидаа төр засаг нь анхаармаар байна.
Өнөөдөр бүгдээрээ ариун цагаан хөдөлмөр хийж яваад амь үрэгдсэн уурхайчин залуусынхаа ар гэрт туслая! Төр засаг нь, үйлдвэрчний эвлэл нь тусалдаггүй юм бол уурхайчин нь уурхайчиндаа туслая! Сэтгэл санааны дэмжлэг үзүүлье! Одоо л тэдэнд бидний дэмжлэг хэрэгтэй байна.
Яг үнэндээ би бухимдаж байна. Харамсан, эмгэнэж байна. Уурхайчдын маань алтан амь үрэгдчихээд байхад геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийнхэн хаана байна вэ? Хэрэгтэй, хэрэггүй юманд улстөрчдийн гар хөл болж, үндэсний хэдэн компаниудаа шантаажлаад явж байдаг та нар өнөөдөр ажлаа хий! Уурхайчдаа өмөөр! Ажлын байрны нөхцөл байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа энэ мэт зөрчигдөж байхад дуу хоолой тань хаана байна вэ?
Хариуцлагагүй, зардалаа хэмнэх гээд 80м босоо хана ухаад, уурхайчдыг маань шороонд дарж алж байхад бүлх залгисан юм шиг дуугүй сууж үнэхээр чадсангүй. ТЭЗҮ зураг төслөөр 5м-ээс гүн доголоор уурхайн ханыг шороон орд дээр хааж болохгүй! Хамгаалалтын тавцан үлдээгээд уурхайлах ёстой! Мэргэжлийн хяналтынхан дүгнэлтээ гаргах бизээ. Цаашид уул уурхайн салбарын нэр хүндийг гутаасан, хариуцлагагүй компаниудад цэг тавих том сануулгыг хэдэн бор уурхайчид чинь өөрийн амиар төллөө шүү! Ахин ийм явдал бүү болоосой! "Эко Алтан Заамар" компаниар учирсан бүх хохирлыг төлүүлэх хэрэгтэй!
Найзуудаа, уурхайчид аа! Бид 50 мянгуулаа, талийгаач нарын ар гэрийнхэнд болон бэртэж гэмтсэн 6 гэр бүлд тусалцгаая! Компани нь ч анхаараасай! Уурхайчиддаа туслах хандивын аян өрнүүлж байна. Хаанбанкинд Хандивын данс нээж, эхлэлтийн 1 сая төгрөгийн хандивыг хийлээ. Хэдүүлээ 60 сая төгрөгийг хоёр хоногт босгоод 6 гэр бүлд өгье! Нэгдэж, нийлээд тусламжийн хүчээ харуулцгаая! Өнчирж үлдэж буй үр хүүхдүүдэд нь, нялх биетэй гэргийд нь, аав ээжид нь, ах дүү нарт нь сэтгэлийн дэм өгцгөөе" гэжээ.
#Хандив өгөх заавар:
Данс: Хаанбанк, төгрөгийн 5115060168
Данс эзэмшигчийн нэр: Наранбаатар
Гүйлгээний утга: Уурхайчдад туслах хандив...гээд нэрээ бичих.
Гүйлгээний дүн:.......(бичих)
Мөн "Ар гэрийнхнээс нь хандивын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан, мөн Хандивын дансыг заавал ТББ нээлгэх шаардлагатай тул цаг алдахгүйн үүднээс өөрийн нэр дээрээ нээсэн. Хандивын аяны дараагаар хөндлөнгийн санхүүгийн аудитын тайлангаар хяналт хийлгэнэ" гэж эдийн засагч Л.Наранбаатар хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ