Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд осол гарч, дөрвөн иргэн нурангид дарагдсанаас хоёрынх нь цогцсыг гаргаж аваад байгаа. Онцгой байдлын албан хаагчид өчигдөр техникийн хүчин чадлаа нэмж, 9 усан хөөргөөр 50100 м3 ус соруулжээ. Таван удаа шумбалт хийн талбайн зүүн урд хэсгийн мөсийг эксковатораар цэвэрлэн шороог ухаж, мөн зайрмагтсан мөсийг хагалж тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлж байна.
Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин, Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, 9 ширхэг ус соруулах хөөрөг, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 35 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ