О.Баянжаргал: Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад осолдсон


Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г энэ сарын 28-нд золгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ сарын 28-ны өдөр ангийн үндсэн үүрэг, үйл ажиллагаа, оны болон сарын төлөвлөгөөт ажиллагаа хэрэгжүүлэхээр албан үүргээ гүйцэтгэж явсан тус ангийн хоёр албан хаагчийн нэг нь золгүй байдлаар амь насаа алдсан. Энэ явдалд ангийн захирагч, удирдлага, хамт олон гүнээ харамсаж эмгэнэж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага ЗХЖШ-ын хяналт шалгалт үнэлгээний газраас ажлын хэсэг гаран шалгаж байгаа. Тиймээс хэрэг явдлын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн ангийн захирагчийн даалгавраар хувийн ажил гүйцэтгэж байсан гэх ташаа мэдээлэл тархаад байна. Энэ нь хувийн ажил, манай байгууллагын удирдлага генералын ажил байгаагүй. Албаны үүрэг байсан.
Тодруулбал "Найман шарга" амралтын газрын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой ажил байлаа. Энэхүү амралтын газар нь Зэвсэгт хүчний офицер албан хаагчдад зуны улиралд буюу тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үйлчлэх зориулалттай обьект юм. Үйл ажиллагааг нь манай анги хариуцан гүйцэтгэдэг. Энэ амралтын газрын цахилгааны эх үүсвэр нь хуучин Туул голын араас байсан. Өнгөрсөн жил "Налайхын цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь цахилгааны эх үүсвэрийг гол усны араас биш уулын урдуур шилжүүлэн байрлуулсан. 2018.08.28-ны өдөр "Налайхын цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугамаа шилжүүлэх бичиг ирж цахилгааныг тасалсан байдаг. Цахилгаан шугам сүлжээний шонг шилжүүлэн суулгах ажлыг он дамжуулж хийсэн.
2019 оны жилийн болон сарын ажлын төлөвлөгөөнд "Найман шарга" амралтын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэлийг хангаж, цахилгаан шугам сүлжээгээр хангах ажлыг тусгаж өгсөн. Сарын төлөвлөгөөт ажлыг эрчимжүүлэх удирдлагын шуурхай зөвлөгөөнийг долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг. Хамгийн сүүлд 2019.2.18-ны даваа гарагт цахилгааны шугам сүлжээ тавих бэлтгэл ажлыг хангах гурван чиглэлийн үүргийг гурван хугацаанд хоёр албан тушаалтанд өгсөн.
Мэргэжлийн байгууллагаас намаг устай газар учраас шон унах эрсдэлтэй хэмээн үзэж хөрсийг солих шаардлагатай гэсэн чиглэл өгөөд 11 машин шороог бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Ингээд 2019.02.28-ны өдрийн хувиараар жолооч болон ахлах ахлагч нар автомашинтайгаар өдөр тутмын хуваарийн дагуу явсан. Ингэж явахдаа ослыг гаргасан" гэв.
Мөн "Бид талийгаачийн ар гэртэй байнга холбоотой байгаа. Ар гэрийн зүгээс хоёр ч удаа холбогдож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хүмүүст хүсэлт хүргүүлсэн. Бид нэгнийгээ алдсан гашуудалтай, эмгэнэлтэй байгаа үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг гаргаад байх нь зохимжгүй байна. Бидэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж харах боломж алга. Хууль хяналтын байгууллага тогтоосны дараа асуудалд хандана гэдэг хүсэлтийг дамжуулсан хэмээв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ