М.Мөнхбаатар: Энэ бол ТӨР хувийн байгууллага руу дайрч байгаа процесс

Эрүүгийн цагдаагийн газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан, байцаалт авлаа. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатараас мэдүүлэг авахаар дуудсан байна. Түүнийг цагдаагийн байгууллагад ирэх үеэр цөөн асуултад хариулт авлаа.

-Та мэдүүлэг өгөхөөр ирсэн үү?
Эрүүгийн цагдаагийн газраас “ирж мэдүүлэг өг” гэж дуудсаны дагуу ирж байна. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас хэд хэдэн удаа дуудсан. Тэр бүрт ирж, мэдээлэл өгч байсан. Өнөөдрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногоос эхэлж, өчигдөр үргэлжилсэн үйл явцтай холбоотой байх. Л.Оюун-Эрдэнэ сайд цагдаагийн газар болон хуулийн байгууллагуудад үүрэг өгч байна лээ. ЗГХЭГ-ын даргын үүргийн дагуу өнөөдрийн үйл явдал болж байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой. Тэгж ажиллана гэж найдаж байна. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй.
-Л.Оюун-Эрдэнэ сайд 49 хувийг авсан санхүүгийн схем танилцуулсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай компани улсаас мөнгө аваагүй. Үүнийг албан ёсоор дахиж хэлье. Манай компани улсаас нэг ч төгрөг аваагүй гэсэн Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкны албан бичиг байгаа. Бид санхүүгийн бүх мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Энэ бол хувийн байгууллага руу төр дайрч байгаа процесс.
-Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар энэ асуудалтай ямар холбоотой вэ?
-Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харилцаатай. Тэр банкнаас зээл авсан. Өнөөдрийн байдлаас харвал зээл өгсөн байгууллага нь буруудаад явж байна. Төрийн байгууллага үнэн зөв шударгаар ажилладаг бол нэг, хоёр хоногийн дараа тодорхой болно байх. Хурдан тодорхой болоосой. 51 хувьтай холбоотой шүүх хурал удахгүй болох мэдээлэл байгаа. Тэрийг дарахын тулд өнөөдрийн үйл явцыг хийж байгаа гэсэн хардлага надад байна. ЖДҮ-г далдлахын тулд үүнийг хийж байна гэсэн хардлага ч байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ