ШУТИС-ийн нэг оюутан менингитийн шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байна

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Менингококт буюу бидний хэлж заншсанаар цахилгаан менингит өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. 

 

Сар шинийн баярын амралтын өдрүүдээр Увс аймагт хоёр, Улаанбаатар хотод гурван хүүхэд цахилгаан менингит өвчний халдвараар өвчилсөн тухай мэдээлж байсан. Тэгвэл дахин ШУТИС-ийн нэг оюутан менингитийн шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гэхдээ лабораторийн шинжилгээний хариугаар менингит мөн эсэх нь тодорхой болох юм байна.

 

Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.

 

Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59  мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, мэргэжилтэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх, шуурхай мэдээлэх, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор авч хэрэгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх, сургалт сурталчилгааг тасралтгүй хийж гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх талаар ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж, эмчилгээний алгоритм болон сурталчилгааны материалыг түгээж,  мэргэжил арга зүйгээр хангаж ажиллажээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ өвөл цс ороогүй халтиргаанд давс хэрэглээгүй тул энэ өвчний вирус их байгаа байх. Ийм хүүхдүүдээ содын эсвэл давсны уусмалаар амыг нь өглөө оройдоо зайлуулж байх. Нийслэлийн ЭМБ энэ вирусыг устгах тал дээр ажил зохион байгуулах хэоэгтэй
2019-03-06