Улаанбурхан өвчин “Улаанбаатар”-ын хаалгыг тогшлоо

img

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Улаан бурхан өвчин 2018 оны сүүл үеэс дэлхийд маш хурдацтай тархаж байгаа. Энэтхэг улсаас манай улсад ирж ажилласан иргэнээс улаан бурхан өвчин зөөвөрлөгдөж орж ирсэн анхны тохиолдол өчигдөр /2019.03.06/ бүртгэгджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөө өгч өнөөдөр өглөө 07.40 минутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн” гэв.

 

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “ДЭМБ-аас улаанбурхан өвчин дэлхий дахинд дэгдэлт өндөртэй байгаатай холбогдуулан олон зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлгийг авч байсан. Улмаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аасцаг тухай бүрт нь ард иргэдэд зөвлөгөө сэрэмжлүүлгийг хүргэх зохион байгуулалттай ажлыг хийсэн.

 

2018 оны жилийн эцсийн байдлаар Энэтхэг, Тайланд, Япон, Малайз, Украйн, Гүрж, БНХАУ, ОХУ зэрэг оронд улаанбурхан өвчний дэгдэлт гараад байна. Тухайлбал Энэтхэг улсад 64900 хүн улаанбурханаар өвчилжээ. 2017 онд ДЭМБ-ын мэдээлснээр 0-5 хүртэлх насны 110 мянган хүүхэд зөвхөн энэ өвчний хүндрэлээр нас барсан байна. Улаанбурхан өвчин дэлхий нийтэд хурдацтай тархаж буй энэ үед Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргасан. Энэхүү даалгаврын хүрээнд бэлэн байдлыг хангаж эмч мэргэжилтнүүдээ давтан сургалтад хамрагдуулах, дархлааны түвшин хамгийн бага гэж үзэж байгаа 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулахад шаардлагатай 515 мянган хүн тун вакциныг захиалсан” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбурхан өвчин халдвар өндөртэй бөгөөд дархлаа султай, архаг хууч өвчтэй, тэжээлийн доройтолтой, тураалтай, хөхөөр хооллодоггүй 0-4 насны хүүхдүүд өвчлөх өндөр магадлалтай байдаг аж. Иймд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж улаанбурханы хоёр тун вакциныг есөн сартай хүүхдээс дээш бүх хүн хийлгэж болох юм байна.

 

Улаанбурхан өвчний онцгой шинж тэмдэг:

 

-Хүүхэд өндөр халуурч, хүүхдийн нүд нуухтаж, тууралт өгөх

 

-Хоолой боогдож амьсгалын дутагдалд амархан орох

 

-Цаашид хүндэрвэл хараагүй болох, дүлийрэх, тагнай цоорох зэрэг эрсдэлтэй.

 

Иймд Эрүүл мэндийн яамнаас:

 

-Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх!

- Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн  газар авч явахгүй байх

- Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ