Дахин нэг хүүхэд KFC-д хордож ХӨСҮТ-д эмчлүүлж байна

KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл тун саяхан буюу өчигдөр /2019.03.18/ мөн л KFC-ээр үйлчлүүлсэн долоо настай хүүхэд хордлого өгч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдлаа.
Энэ талаар хүүгийн аав “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний өөрийн биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. Орой 7 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараанаас дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ.
Тэрбээр хүүгийн хамт 25 дугаар эмийн сан орчидм байрлах "KFC"-ийн салбарт үйлчлүүлж “Curry”-тай багц худалдан авсан аж.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнөөдөр /2018.03.19/ мэдээлэл хийж, “Зайсан дахь KFC-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслээд нийтдээ тухайн салбар дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эм, эмнэлгийн зардалд 49 сая 407 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авч ажилласан" хэмээн мэдэгдсэн.
Дахин хүүхэд хордсон энэ асуудалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "ХӨСҮТ-ээс хоолны хордлого үүссэн бол нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Одоогийн байдлаар хоолны хордлогод орсон гэсэн дуудлага ирээгүй байна. Удахгүй тодруулаад хариу өгнө" гэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ