Давстай "дайн" зарлая

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаанд 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байгааг дурджээ. Эдгээр өвчин нь давсны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Давс их хэрэглэх нь:

 

Цусны даралт ихсэлт

Тархинд цус харвах

Зүрх судасны өвчин

Яс сийрэгжилт зэрэг өвчний эмгэг үүсэх эрсдэлтэй.

 

Иймд Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ны хооронд тэмдэглэж байна. Энэхүү өдрийг угтаж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2019.03.26/ “Давсыг хоолны цэснээс хасъя” сэдэвт хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.5 дахин өндөр (11,5 гр) байгаа. Түүнчлэн түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.

 

Бидний хоногт хэрэглэж буй давсны 80 орчим хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд далд агуулагдаж байдаг аж. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.

 

Улмаар насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их (хоногт дунджаар 11 г) давс хэрэглэж, 19.5 хувь нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголчууд “давсгүй хоол хоолойгоор давахгүй” гэж ярьдаг. Тэгвэл давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар хоолоо амтлах боломжтой юм.

 

Мөн цайгаа давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах зэргээр өөрийн давсны хэрэглээгээ багасгахыг уриалж байна

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ