Х.Тэмүүжин: Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад харамсч байна

Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа. ҮАБЗ-өөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалт бүхий уг хуулийн төслийг Үндсэн хуульд зөрчсөн гэж үзэж АН мэдэгдэл гарган, хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж, эрх баригчдын эсрэг бүхий л тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Болж буй үйл явцад судлаачдын дургүйцлийг хүргэж байгаа нэг зүйл нь эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох тийм санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан. Ерөнхийлөгчийн дэргэдх ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн Ерөнхийлөгчид ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө мэдлийг тэлэх, хаан болох замаа засдаг байсан. Үүнд саад учруулдаг байсан хүч нь УИХ байсан.
Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан.Энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь, хүүхэлдэй нь болж хувирч байна. Энэ бол хамгийн том эмгэнэл.
Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд Эрүүүгийн хуулийн төслийг санаачлага гарсан. Энэ бүх санаачлагыг улдан эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр өөрсдийгөө улайран дэмжсэн хүмүүсийн эсрэг зогсож байна.
Миний санаж байгаагаар дөрвөн жилийн өмнө Ц.Оюунгэрэл гишүүн Төв аймгийн мөрдөн байцаах газрын шалан дээр "Эрүүдэн шүүгээд байна" гэж хашхирч байхад хэн нь ч дэмжээгүй. Эрүүдэн шүүх хуулийг өөрчлөхийн тулд УИХ дээр маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан эсэргүүцэд, алга ташаад зогсч байсан хүмүүс.
Хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалчихаад ардчиллыг үгүй хийхэд попорч дуугарч байна. Намайг ХЗДХ-ийн сайдаар очиход эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан. Францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алчихаад өмгөөлөгчийг нь шоронд хийж байсан хүмүүс өнөөдөр ухаарч байгаад баярлаж байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ