17 настай охин хэвлийдээ тээсэн үрийнхээ хамт хорвоог орхилоо


Өглөөхөн л бид цагдаагийн алба хаагч өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан тухай гэгээн мэдээгээр энэ өдрийг эхлүүлж, алба хаагчаар бахархаж байв. Гэтэл төд удалгүй зургаан давхраас унасан эмэгтэй нас барсан гэх хар бараан мэдээ сонстлоо.
ЭХЭМҮТ-д өчигдөр /2019.03.26/ 17 настай А гэгч эмэгтэй амаржихаар очжээ. Түүний төрөх үйл явц тухайн өдрийн 16.55 цагт эхэлсэн, 39 долоо хоног тээсэн ургийнх нь зүрхний цохилт, амьсгалын тоо хэвийн байж. “Ураг орчмын шингэн эрт гарсан” гэх оноштойгоор тус төвийн төрөх өрөөнд эмч нарын хяналтан дор хэвтэн эмчлүүлж байжээ. Өрөөнд түүний адил төрөгч эх байсан бөгөөд ургийн бичлэг хийлгэхээр явсан хойгуур нь 17 настай А гэгч эмэгтэй зургаан давхрын цонхыг онгойлгож доош үсэрсэн байна. Түүний эл үйлдлийг харсан цагдаагийн алба хаагч болоод ард иргэд тусламж үйлчилгээ үзүүлж унах хүчийг бууруулж амь насыг нь аварсан.
Улмаар ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчид үзлэг шинжилгээг хийж, ГССҮТ-ийн эмчийг дуудаж тусламж үйлчилгээг үзүүлсний дараа төрүүлэх үйл явцыг эхлүүлэн 3 кг, 50 см урттай амьгүй ургийг төрүүлжээ. Төрөх үйл явцын үед А гэгч эмэгтэйн оюун ухаан, орчны харилцаа хэвийн байсан аж. Гэсэн хэдий ч өндрөөс унаж доргилт аван хүнд гэмтсэнийг тогтоож ГССҮТ-д хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч харамсалтай нь амь насаа алдсан гэдгийг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Г.Баттулга хэллээ.
Талийгаач эмэгтэй жирэмсний хяналт, шинжилгээндээ бүрэн гүйцэд хамрагдсан, хяналтын явцад онц анхаарал татах асуудалгүй байсан төдийгүй төрөх үйл явцын үед ч гойд анхаарал татах зүйл илрээгүй байна. ЭХЭМҮТ насанд хүрээгүй төрөгч эхийн ар гэрийнхнийг төрөхийн өмнөх тасагт нэвтрүүлдэг. Энэ тухай мэдээллийг ар гэрийнхэнд нь дуулгасан ч ирэхээс нь өмнө эмэгтэй цонхоор үсэрч амиа алджээ.
17-хон настай охинд амиа хорлох шалтгаан юу байв. Хэвлийдээ тээсэн үртэйгээ хамт хорвоог орхих сонголтыг хийх хүртэл түүнийг хэн гомдоож, хэн бачууруулав...Үүнийг цагдаагийн байгууллага тогтооно.
Ямартай ч цэл залуухан ээж, ертөнцөд дуугаа хадааж амжаагүй үрийнхээ хамт хорвоог орхилоо. Хайран амь, хайрлам 17 нас....
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ