Монголд “соёолсон” Японы "Өвсний үндэс"

img

Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд дөрвөн аймгийн сургууль, эмнэлгийг засварлахаар төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээг баталгаажуулах ёслолд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, Япон улсын Элчин сайд М.Такаока болон Баян-Өлгий, Завхан, Увс, Дорноговь аймгийн Засаг дарга нар оролцов.

 

 

Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжаар

 

  1. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын ЕБ-ын 4-р бүрэн дунд сургуулийн засвар
  2. Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 4-р бүрэн дунд сургуулийн засвар
  3. Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засвар
  4. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн дотуур байр болон насаан туршийн боловсролын төвийн засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

Энэхүү дөрвөн төслийн нийт өртөг нь 796 сая төгрөг болж байна.

 

Гарын үсэг зурах ёслолын өмнө Япон улсын Элчин сайд М.Такаока “Өвсний үндэс буцалтгүй тусламж маань 1990 оноос эхлэн хэрэгжсэн. Өнөөдрийн 4 төслийг оролцуулаад нийтдээ 542 төсөл хэрэгжиж байна” гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт голлон анхаарч төсөл хэрэгжүүлдгээ хэлж байна. Ингэхдээ тэрбээр сургууль, цэцэрлэгээр өөрийн биеэр явж үздэг аж.

 

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэллээ. Тэрбээр “Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс Монгол Улсад олон жил “соёлж”,үр шимийг нь монголчууд хүртэж байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт Өвсний үндэс олон жил үр шимээ өгсөн. Хамгийн сүүлд ХСҮТ-ийн дээврийг бүрэн сольж, засварлах ажилд Өвсний үндэс хөтөлбөр оролцсон.

 

Саяхан Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 8.2 тэрбум төгрөгийн өртөгтэй хамгийн сүүлийн үеийн 4D Эхо аппаратыг 21 аймаг, 9 дүүрэгт авч өгсөн. Мөн нэг тэрбум төгрөгийн өртөгтэй дижитал рентген аппаратыг авсан.

 

Өнөөдөр ч Өвсний үндэс маань үргэлжлэн эрүүл мэндийн салбарт соёолж байна. Элчин сайд танд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний энэ тусламж дэмжлэгийг Монголын ард түмэн, эрүүл мэндийн салбарынхан мартахгүй санаж явах болно” хэмээн хэллээ.

 

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hujaa oruulj baihaar ..:
hujaa gej baihaar heden japan oruulj irieee.yadaj hugjihgui ch gesen soyoljoyoooo
2019-03-27