ШУУД: "Гэм буруутай, гэм буруугүйг ҮАБЗ тогтоохгүй"

18:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Өнөөдөр төр, засаг тогтвортой, үйл ажиллагаа нь хэвийн байж ард түмний амьдрал сайжрах бололцоо бүрдэнэ. Хэн нэг хүнд эрх мэдэл төвлөрүүлээд, тэр хүний дохио зангаагаар хөдөлдөг төр засагтай байж улс орноо хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт хэн ч итгэхгүй. Мэргэжлийн байнгын хороо нь ярилцаад, мэргэжлийн хууль ч нар нь ярьж байгаад оруулаад ирсэн хүмүүс эсэргүүцээд байна. Хамрын дор хагархай гэгчээр мэдэх мэдэхгүй зүйлээ битгий ярьж бай гэж би зарим гишүүдэд хэлээд адлуулж байна. Хууль зөрчлөө гэж хуульч нар нь хэлээд байхад хууль мэдэхгүй хүмүүс нь эсэргүүцээд байгаад гайхаж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Гэм буруутай, гэм буруугүйг ҮАБЗ тогтоохгүй. Гэм буруутай, гэм буруугүйг улстөрчид тогтоохгүй. Улстөрчдийн гарт хуулийг өгч болохгүй. Өдөр хэдэн хүнийг Ерөнхийлөгч дуудсаныг би нүдээрээ харсан. Одоо та нар дэглэм хийхээр өөрчлөх гэж байна. Үүний эсрэг цусаараа тэмцэнэ шүү.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Сүлжээ нь тасарчих гээд Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс их сандарч байна. Ц.Элбэгдоржийн сүлжээний гар хөлийг таслах ёстой. Өнөөдөр ял шийтгүүлсэн хоёр хүнийг Ц.Элбэгдорж алуурчид гэж зарлалаа. Ц.Элбэгдорж эрүүдэн шүүхийг зөвшөөрдөг юм байна. Би эсэргүүцдэг.
Ийнхүү Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
С.Эрдэнэ: Монголын ардчиллын эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж байна
17:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийг амь насыг хөнөөсөн хэргийг шүүхдээ эрүүдэн шүүсэн бичлэгийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдэд үзүүлэхэд бэлэн болжээ. Гишүүд энэ бичлэгийг чуулганы танхимд бус бусад танхим үзүүлэх хэрэгтэй үзжээ. Тиймээс Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсний дараагаар үзэх саналыг УИХ-ын дарга хэлж байлаа.
Уг бичлэгийг Төрийн ордны А танхимд үзэх саналыг гишүүдийн олонх дэмжив. 2015 оноос 2016 он хүртэлх 10 минут орчимын уг бичлэгт шүүгдэгч Т.Чимгээгийн камерт шүүгдэгч н.Амгаланбаатар, тусгай албаны ажилтнууд орж, эрүүдэн шүүж байгаа дүрс бичигдсэн байна.
Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. УИХ-ын 47 гишүүн оролцсоноос 17 гишүүн дэмжиж, 63:8 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Эрүүдэн шүүх нь зүйтэй гэж үзэх хүн энэ танхимд байтугай Монголд байхгүй. Шүүхийн хараат бус байдалд ноцтой хор хохирол учруулна. Өнөөдөр оруулж ирээд чичирч дайраад шууд гаргах нь алсдаа ямар хор хохирол учруулахыг бид хэлж мэдэхгүй байна. УИХ хууль санаачлах эрхийнхээ хүрээнд шүүх, прокурорын хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь огцруулах хууль санаачлагчийн төслийг нэг удаагийн үйлчлэх хууль гэж үзсэн юм. Тэгээд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхдээ эрүүдэн шүүсэн буруутай этгээдэд хариуцлага тооцохоор ярилцсаныг ҮАБЗ дэмжээгүй. Х.Нямбаатар гишүүний гаргасан түдгэлзүүлэх асуудлаар өөрчлөхөөр хэлэлцсэн.
Дараагаар нь Эрүүдэн шүүх хангалттай нөхцөл бүрдсэн гэж үзвэл ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түдгэлзүүлэх саналаар санал хураалт явууллаа. Гэвч байнгын хорооны санал дэмжигдсэнгүй. Тиймээс АТГ, шүүх, прокурорын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийн төслийн анхны хувилбараар батлах нь. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Энэ хуулийг дэмжиж байгаа гишүүд Монголын ардчиллын эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж байгаа шүү" гэдгийг сануулмаар байна гэлээ.
Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг дөрөвдүгээр сарын дөрөвнөөс хэрэгжихийг гишүүд дэмжлээ.
Эрүүдэн шүүсэн хангалттай үндэслэл байвал ҮАБЗ зөвлөмж гаргана
16:40 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж хангалттай үндэслэл бүрдсэн гэсэн нэмэлт орж ирж байна уу. Хангалттай үндэслэл гэдэг нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Хангалттай үндэслэл гэхээр эрүүдэн шүүсэн байна гэдэг нь нотлогдож, тогтоогдож байна уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсон. "Эрүүдэн шүүх үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал эрх бүхий байгууллагаараа шуурхай шийдвэр гаргуулна" гэдэг үүргийг хүлээсэн. Эрүүдэн шүүсэн бол ҮАБЗ хуралдаад, ШЕЗ-д хүргүүлнэ. ШЕЗ гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, шүүгчийг түдгэлзүүлнэ. Өнөөдөр хар өдөр болох нь. Эрүүдэн шүүсэн гэдэг бичлэгийг бүх гишүүдэд бүрэн эхээр нь үзүүлэх гэж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ