Хайран амь, хайрлам 17 нас


Хэвлий дэх үрээ тээсээр эмнэлэгт очсон 17 настай охин гэнэт л эз нь хатгасан гэмээр цонхоор үсэрч шархаа даалгүй хорвоод дуугаа хадааж амжаагүй бяцхан үрийнхээ хамт тэнгэрт халилаа. Хайран хоёр амь, хайрлам 17 нас...
Би ч бас 17 настай, арван жилийн сурагч явлаа. Манай ангийн нэг охин өөрөөсөө хэд дахин ах хүнтэй үерхдэг байв. Арванхоёрдугаар ангиа төгсөх жил ахлах ангийн бүх охидыг эмчийн үзлэгт оруулах болоход өнөө охин ирсэнгүй. Тэгтэл ангийн охид “Нөгөө ахтайгаа унтчихсан гэсэн. Аягүй бол жирэмсэн болсон биз. Тэгээд л ирээгүй” хэмээн хэн нэгэн нь мэдэрхийхэд өөр нэгэн нь “Нээрээ яг тийм юм байна” хэмээн дуу нэмж байсныг тод санаж байна.
Эмчийн үзлэг ч дууссан. Түүнээс хойш хоёр долоо хоног нөгөө охин хичээлдээ ирсэнгүй, улсын шалгалтаа ч өгсөнгүй. Ангийн багш, өнөө ам уралдан ярилцаж байсан охид ч айж эхлэв. Тэгтэл нэг өглөө хичээлдээ ирсэнд нь ангиараа баярлаж, бараг л алга ташиж угтсан юмдаг. Гэхдээ багш ч, бид ч ер хэн ч түүнээс хаагуур юу хийж яваад ирсныг нь асууж зүрхлээгүй. Учир нь түүнийг ичсэндээ эргээд хэзээ ч ирэхгүйгээр явчихаагүй байгаа гэхээс бүгд “үхтлээ” айсан хэрэг.
ЭХЭМҮТ-ийн цонхоор доош үсэрч амиа алдсан 17-хон настай тэр охиныг ч үеийнхнээсээ, гэр бүлийнхнээсээ ичсэндээ ийм үйлдэл хийчхээгүй байгаа хэмээн бодож сууна. 2002 онд төрсөн хонгор жаахан охин “Ингээд л үхчихье” гээд эргэж буцах ч үгүй үсэрчихсэн нь ердөө ичсэнээс л болсон бол яана.
Манай улсын хувьд 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн 35 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл манай Улс 560 мянган охидтой. Охидод гэр бүлийн боловсрол, төлөвлөлт, бэлгийн, нөхөн үржихүйн боловсол олгох хэрэгтэй байна. Тэгээд дээр нь бэлгийн харилцааны талаарх эцэг эхийн чөлөөтэй ярилцлага тун чухал.
2016 оны байдлаар манай улсад нийт 79.9 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд үүний 3839 нь буюу 4.8 хувь нь 15-19 насны охидоос төржээ. Харин тухайн онд 18316 үр хөндөлт хийгдсэн ба нийт үр хөндөлтийн таван хувийг 20-иос доош насны эмэгтэйчүүд хийлгэсэн бөгөөд үүнийг тоон үзүүлэлтэд шилжүүлж үзвэл 916 өсвөр насны охид үр хөндүүлжээ. Охидын төрөлтийг 15-19 насны эмэгтэй хүн амын тоотой харьцуулж үзэхэд нийт өсвөр насны охидын 3.3 хувь нь хүүхэд төрүүлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ