Хүүгээ гэсэн эхийн энэлэл, шаналалыг хэн төлөх вэ?


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө болоод хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, Б.Содномдаржаагийн ээж Р.Жавзмаа гэх хоёр хүн байс гээд л хэвлэлийн хурал хийж, "дүү минь, хүү минь буруугүй, хилс хэрэгт гүтгэгдчихлээ" хэмээн олон ч удаа уйлж, хөөрхий хөгшин ёстой л хөлөө хүрэх газраа явсан даа.
Өдгөө эрүү шүүлтэд тамлуулж хэрэг хүлээсэн болж таарч байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн 2016, 2017 онуудад ч үүнийг хэлээд л байсан. Мөн ч олон хэлсэн. Гэтэл хэн ч тоохгүй 25 жилийн ялыг ядах юмгүй өгсөн. Ингээд Т.Хүрэлбат, Р.Жавзмаа болон Ц.Амгаланбаатарын эгч Л.Хүжмаа нарын өмнө нь хэвлэлийн хурал хийхдээ хэлж байсан үгсийг дор сийрүүлье.
Т.Хүрэлбат: С.Зоригийн хэргийг ядарсан ард иргэдэд тохоод, хаах гэж хуулийн байгууллагынхан улайран зүтгэж байна
/Т.Чимгээгийн ах /2017.01.26/

-Манай дүүгийн гар утас руу Амгаланбаатар гэдэг иргэн хоёр жилийн өмнөөс мөн адил дарамталсан мессеж бичдэг байсан. Улмаар 2015 онд Эрдэнэт хотод ажилдаа явах замд нь тагнуулын байгууллагынхан Амгаланбаатар гэгчийн гүтгэлгээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан барьж, хорьсон юм билээ. 1998 онд дүүгийн маань бага хүүхэд нь хоёр настай байсан. Тийм байтал гэмт хэрэг үйлдэх гээд явж байсан гэвэл үндэслэлгүй. Тэгэхээр бидний зүгээс С.Зориг агсны гэмт хэргийг ядарсан ард иргэдэд тохоод, хаах гэж хуулийн байгууллагынхан улайран зүтгэж байна гэж бодож байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахдаа гадны харъяат хэмээн гүтгүүлж, ээж дээрээ уйлаад очиж байсныг Монголын ард түмэн харсан. Тэгвэл гүжирдүүлж, гүтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ээж дээрээ гүйгээд очиж чадахгүй, үр хүүхдийнхээ ирээдүйтэй хамт 24-25 жилийн ял сонслоо. Хуулийнхан хоёр хүнийг хилсээр яллаж, 20-иод хүний амьдралыг бусниуллаа. Танд эрх мэдэл нь байгаа. Та шударга байя гэж найман жил ярилаа. Одоо та шударгаа харуулаад шүүх хурлыг нээлттэй явуулж өгнө үү гэж хүсэх байна. Үүнийг ард түмэн хүсэж байгаа.
Шүүгч прокурорт хандаж хэлэхэд ёс суртахуун өргөсөн тангарагтаа үнэнч байгаач ээ. Тагнуулын байгууллагынхан энэ хэргийг илрүүлнэ гэж зорилго тавьж ажилласан нь мэдээж. Тиймдээ ч энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган гэдэг эмэгтэйтэй тагнуулынхан уулзсан байж таараа. Д.Булган гэдэг эмэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амийг хөнөөгөөгүй гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж бид бодож байна. Хэрэв Д.Булган энэ хүмүүс хөнөөсөн гэж хэлсэн бол шүүх, прокурорын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядан ярьж байгаа даа.
Б.Жавзмаа: Энгийн ногоочин иргэнийг дарамталж байгаад хилс хэрэг хүлээлгэж байна
/Б.Содномдаржаагийн ээж/

-Хүүгийн маань утсанд 2014 оноос эхлэн гэр бүлийг чинь үгүй хийнэ, С.Зоригийн хэрэгт холбогдсоныг чинь илчилнэ гэх үгстэй дарамталсан мессеж ирэх болсон. Судалж үзэхэд манай хажуу хашаанд амьдардаг байсан Ц.Амгаланбаатар гэдэг залуу бичсэн болж таарсан. Улмаар бид хуулийн байгууллагад хандсан ч хүлээж аваагүй. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг маань тагнуулын гэмээр хүмүүс баривчлаад 461 дүгээр хорих ангид хорьсон байсан. Хорьсон шалтгаан нь таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөн шоронд хоригдсон н.Амгаланбаатарын хэлснээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Миний хүү хэзээ ч тийм зүйл хийгээгүй. Хилс хэрэг хүлээлгэх гээд байна. Энгийн ногоочин иргэнийг дарамталж байгаад харамсаж байна. Хүү маань ногооны фермер эрхэлдэг байсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүү маань аавтайгаа трактор бариад өвс ачаад явж байсан. Хүүг маань хориод нэг жил хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тагнуулын байгууллага маш сайн жүжиг тоглосон гэж би боддог.
Тагнуулын байгууллагынхан надаас асуулт асуудаг. Асуухдаа зөвхөн миний асуултад хариулна шүү л гэж хэлдэг. Би асуултад нь миний хүү аавыгаа чиргүүлтэй машин дээрээс унагачихаад “Ээжээ би аавыгаа алчихлаа” гэж маш их эмээгээд уйлж байсан. Тийм ч учраас би хүүгээ хүн алах хүн биш гэдгийг гэрчилнэ гэж хариулсан. Гэтэл миний энэ үгийг хавтаст хэрэгтээ бичээгүй байсан. Тиймээс байцаагч нар буруутай.
Мөн 1998 оны аравдугаар сарын 5-нд “Ардын эрх” сонинд Д.Булганы тодорхойлсноор гэмт хэрэгтэн эмэгтэй нь 165 см өндөртэй, эрэгтэй нь 155 см өндөртэй гэж бичсэн байдаг. Гэтэл тухайн үед миний хүү 180 см өндөртэй, улаан царайтай өндөр туранхай хүү байсан. Д.Булганы хэлсэн мэдүүлэгтэй огт таараагүй. Тийм байтал хилс хэрэгт гүтгэсэн. Тэгээд ч миний хүү тухайн үед 22 настай хөдөө мал маллаж байсан хүн. Захиалагч нь байхгүй байтал ялын дээд хэмжээ оноож байгаа нь ардчилсан нийгмийн үед байж боломгүй гүжирдлэг. Ялласан хойноо С.Зоригийн хэргийн захиалагчийг олно гэж байна. Шүүх, цагдаагийнхан захиалагчийг хэзээ ч олохгүй. Магадгүй гудамжнаас хэн нэгнийг чи захиалагч бол гээд мөнгө өгөөд аваад ирэх хувилбартай хүмүүс.
Л.Хүжмаа: Хоёр сайн ахыг нь олох юмсан
/Ц.Амгаланбаатарын эгч/

-Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар орж үзээгүй, 16 настай хүүхэд байсан. Сүүлд 25 жилийн ял аваад чанга дэглэмтэй газар хүмүүжиж байгаа.
2013 оны зургаадугаар сард 949659.. гэсэн утсаар Ц.Амгаланбаатар над руу утсаар ярьж “Санаа зоволтгүй. Би Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд эмнэлэгт хэвтсэн. Намайг хоёр ах авчирж хэвтүүлсэн. Бие сайн байна” гэж ярьсан. Үүнээс сарын дараа Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд хэвтэж байна. Надад хоёр ах тусалж байгаа гэж ярьсан. Дахиад сарын дараа “Та надад санаа зовох хэрэггүй. Надад одоо юу ч хэрэггүй” гэж яриад түүнээс хойш 2015 оны наймдугаар сарын 31 хүртэл надтай ерөөс холбоо бариагүй. Би бодохдоо чанга дэглэмтэй хорих ангиас Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд ямар сэтгэл сайтай хоёр хүн нь 25 жилийн ялтай хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн юм бол гэдэгт гайхдаг. Тэр хоёр сайн ах нь хэн юм бол, тэр хүмүүсийг олохсон гэж л хүсдэг.
Ийнхүү тэд олон удаа хэвлэлийн хурал хийж, “Хүү минь, дүү минь буруугүй” гэдэг үгийг давтдаг байв. Гэсэн ч хэн ч үүнийг тоож сонсоогүй. Гэтэл эцэстээ тэдний үнэн болж таарснаар “зохиомол жүжиг” амар сайхандаа жаргаж дуусах гэж байна.
Гэмгүй номхон хоёр иргэнийг удахгүй суллах тухай дуулдаад эхэллээ. Гэхдээ хүүгээ гэсэн ээжийн шаналал, дүүгээ гэсэн ахын сэтгэлийн зовлонг хэн төлөх вэ?. Р.Жавзмаа гуай нас дээр гарсан хүн. Түүний олон шөнө нойргүй хоносон, уйлж сэрсэн өглөө бүрийнх нь энэлэл, шаналалыг хэн нөхөх, хэн барагдуулах вэ?
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ