Д.Батбаяр: Би 30 гэр бүлд багтах ёсгүй

Ашигт малтмалын лицензтэй ч хөрөнгө босгож чадахгүйгээс тусгай зөвшөөрлөө хураалгахдаа тулсан залуустай Д.Батбаяр хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр иргэдийн лицензийг өөрийн компанид шилжүүлэн авч, тэдний өмнөөс татвар хураамжийг нь төлж, хайгуул хийх гэрээтэйгээр ажиллаж буй аж. Энэхүү хамтын ажиллагааны талаар Д.Батбаяраас тодрууллаа.
-Та уул уурхайн салбар руу нэлээн шургуу орж байна. Лиценз эзэмшигч залуустай хамтран ажиллаж эхэлсэн мэдээлэл байсан. Тодорхой мэдээлэл өгөөч.
-Би сүүлийн үед уул уурхайн салбар руу нэлээд тулгуу орж ажиллаж байгаа. Ашигт малтмалын лиценз эзэмшигчид хөрөнгө оруулалтгүйгээс үйл ажиллагаа явуулж чадахгүй, зогсдог. Цаашлаад төлбөр мөнгөө төлж чадахгүй, хураагдах тохиолдол ч цөөнгүй бий. Тиймээс би лиценз эзэмшигчидтэй хамтран, нэг баг болж ажиллаж байна. Бид “Ухаалаг уул уурхай“ гэсэн шинэ бүтцийг бий болгоод ажиллаж эхэлсэн. Лицензийн төлбөр мөнгөө төлж чадаагүй, хайгуулаа хийгээгүй маш олон хүн надтай хамтарч ажилладаг. Энэ утгаараа манай компани хамгийн олон лицензтэй мэт харагддаг. Энэ бол гар дээрх лицензээ хураалгах гээд сандарсан залуусын нэгдэл. Тэд кёкүшюүзанд итгэж, төлбөр төлж, хайгуул хийгээд өгөх боломжтой гэж ирсэн. Бид зөвлөлдөөд нэг баг болоод ажиллаж байна.
-Тэр хүмүүсийн лицензийг шилжүүлж авсан гэсэн үг үү?
-Би “Чингис ворлд майнинг” компанийн үүсгэн байгуулсан. Тэгээд залуусын лицензийг өөрийнхөө компанид шилжүүлж аваад, төлбөрийг нь төлж, хайгуул хийж өгч байгаа.
-Танай компанид бүртгэлтэй лицензүүдийн хэд нь таных вэ?
-Тэд нь минийх гэж хэлэх боломжгүй. 60 орчим залуус нэгдэн гэрээ байгуулаад, хамтран ажиллаж байгаа.
-Ямар хэмжээний төлбөр, татвар төлж байгаа вэ?
-Хамтран ажиллаж байгаа хүмүүсийнхээ өмнөөс манай компани хуулийн дагуу бүх татварыг төлж байгаа.
-Хөрөнгө оруулагч нь Япон гэсэн үү?
-Хайгуулын ажилд Японоос хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайн лицензийн ордод илэрц байвал цаашид хамтран ажиллана гэсэн гэрээтэй ажиллаж байна.
-Таныг 30 гэр бүлийн тоонд оруулсан байсан?
-Амны билгээс ашидын билэг гэгчээр би баярладаг. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл явсан. Лицензийн тоогоор 30 гэр бүлийн нэгд цоллогдсон байна лээ. Гэхдээ энэ бол миний лиценз биш. Монголын мянга мянган залуустай хамтран ажиллаж байгааг зөвөөр ойлгох ёстой. Би 30 гэр бүлд багтах ёсгүй.
-Уул уурхайн салбарын “зовлон”-гоос амсаж эхэлсэн байх?
-Би уул уурхайн салбараас нэлээн хөндий байсан. Энэ салбар руу ороход хүнд асуудал олон тулгардаг юм байна. Хуультайгаа нийцэхгүй, орон нутагтай тохиролцохгүй, хуулийн дагуу лиценз авсан ч газар дээр нь ажиллуулдаггүй зэрэг хүнд асуудлууд маш их байна. Иргэдэд лиценз өгөөд татвар авч л байгаа бол ажиллах нөхцөл байдлыг нь хангаж өгөөсэй. Яам, ашигт малтмалын байгууллага сум орон нутагтай уялдаа холбоотой ажиллаасай гэж бодож байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ