Мэргэжлийн хяналтаас 29 уурхайн үйл ажиллагааг зогсоожээ
2019-04-03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уул уурхайд хийгдсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр (04.03) мэдээлэл хийлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгж бий. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 281 аж ахуйн нэгжид 03 дугаар сарын 18-наас 04 дүгээр сарын 01 хүртэл хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын ажлын хэсгүүд уул уурхайн осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хяналтыг хийжээ.

 

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгжийн

561 нь үйл ажиллагаа эхлүүлээгүй

908 нь огт үйл ажиллагаа явуулаагүй

123 нь үйл ажиллагаа явуулж байгаа

159 нь бэлтгэл ажил хийж байгаа аж.

 

Хяналт шалгалтын дүнгээр 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн 79 албан шаардлага, үүрэг даалгавар, 301 зөвлөмжийг өгч, 224 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Үүнээс гадна 291.2 гр алт хураасан байна. Хяналт шалгалтын дүнг үндэслэн зургаан зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

 

Уурхайд 29 төрлийн бичиг баримт байх ёстой. Энэ бичгүүдийг бүрэн бүрдүүлж, аюулгүй ажиллагааг хангасны дараа олборлолтын үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлээгүй зөрчил их илэрсэн байна. Мөн байгаль орчны өнгөрсөн жилийн менежментийн тайлангаа гаргаагүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүд ч байсан аж. Үүнээс гадна уурхайн үйл ажиллагаанаас гарсан химийн хорт бодисыг ялгаж ангилахгүйгээр хадгалсан илэрсэн зэрэг зөрчил илэрчээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин