Улс хоорондын шуудан, илгээмжид шалгалт хийлээ

img

 

Прокурорын байгууллагаас энэ онд дэвшүүлсэн “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх.. энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах”зорилтын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас Олон улсын шуудан илгээмжээр ирж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор 2019 оны 03 дугаар сард Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран шалгалт хийжээ. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд нь ажил үүргээ гүйцэтгэх явцад Олон улсын шуудан илгээмжээр ирсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөрчил 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар зөрчил 14-г илрүүлж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн. Дээрх хугацаанд Испани, Тайланд улсаас тус бүр 1, Америкийн нэгдсэн улсаас 2, Их Британий нэгдсэн вант улс, Холбооны Бүгд найрамдах Герман улсаас тус бүр 3, Нидерландын нэгдсэн вант улсаас 4 удаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис олон улсын шуудан илгээмжээр ирсэн байна. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас дээрх гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх ба эдгээр хэргүүдэд Монгол Улсын иргэдээс гадна Оросын Холбооны улсын 1, Нигер улсын 4 иргэнийг холбогдуулан шалгажээ.

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд шалгагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 5 хувийг, харин оны эхний 2 сарын байдлаар шалгагдсан хэргийн 7 хувийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас илрүүлсэн хэрэг эзэлж байна. Дээрх шалгалтын дүнг Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход дэвшилтэт техник технологи буюу Олон улсад хэрэглэгдэж буй ISO 9001, ISO 14000, ISO 1600стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй болохын зэрэгцээ эрэлч нохой ашиглах нь ач холбогдолтой болохыг дүгнэж, шалгалтын мөрөөр холбогдох газруудад санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ