“Их түмэн санаачилга”-ын хурлыг зохион байгууллаа

img

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын бололцоог бий болгох зорилгоор Түмэн голын бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг 1991 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор БНХАУ, ОХУ, БНСУ болон Монгол Улсын төлөөлөгчдөөс бүрдсэн Зөвлөлдөх хороог 1995 онд байгуулсан.

 

"Их Түмэн санаачилга”-ын хүрээнд эрчим хүч, худалдаа хөрөнгө оруулалт, зам тээвэр, аялал жуулчлал, байгаль орчин болон хөдөө аж ахуйн чиглэлийн салбарын хороод байгуулагдаж, энэхүү салбаруудад бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах чиглэл, харилцан ашигтай ажиллах талаар судалгаа хийх, мэдээлэл солилцох, бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийг боловсруулах ажлуудыг хийж, салбарын хороодын жил бүрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Үндэсний зохицуулагч нарын уулзалт, Сайд нарын зөвлөлдөх хорооны уулзалтаар хэлэлцүүлдэг билээ.

 

 ИТС-ын Хөдөө аж ахуйн хорооны 4 дүгээр хурлыг ХХААХҮЯ-наас 2019 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа. Хурлын арга хэмжээнд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын Орлогч дарга Жү Баоинг, БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хэрэг эрхлэх яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Дэд захирал Лий Июнкюүнг, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хөгжлийн газрын “Олон Улсын экспорт” төслийн дарга Алеся Ефремова, Улаан буудайн чанарын хяналтын төвийн ахлах шинжээч Евгений Круглов тэргүүтэй бодлогын түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо.

 

Хурлын арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ. Тэрбээр ИТС-ын хөтөлбөрийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж бүс нутгийн бусад улс орнуудтай өөрсдийн давуу талд тулгуурлан хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа тухай салбарын яамны байр суурийг илэрхийллээ.

 

ИТС-ын Ажлын албаны захирал Б.Төгөлдөр болон ГХАХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Навчаа нар хурлын арга хэмжээг удирдаж 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, 4 орнууд тус тусын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр голлох ололт, амжилтаа танилцууллаа. Түүнчлэн БНХАУ-аас “Их Түмэнгийн бүс нутагт хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх, жишиг баримт бичиг боловсруулах” бичил төслийг танилцуулав.

 

Энэ удаагийн хурлын гол ололт, амжилт нь Монгол Улсын зүгээс анх удаа хамтран хэрэгжүүлэх “Их Түмэн бүс нутагт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх зөвлөлдөх уулзалт арга хэмжээ”-г зохион байгуулах тухай төслийг танилцуулж гишүүн орнуудын дэмжлэгийг авлаа. Мөн энэхүү бичил төслийг Олон Улсын донор байгууллагуудад танилцуулж ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГИЗ/-ээс тодорхой хувиар санхүүжүүлж оролцох тухайгаа мэдэгдсэн юм.

Эх  сурвалж:ХХААХҮЯ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ