Сүлжээний мөрдөгч, прокурор байгаа нь үнэн

img

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг хэлэлцэв. ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулга хийв. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Дэмжиж байгаагаа илэрхийлье. Батлагдсан хуулиудтай холбоотой хууль, эрхзүйн асуудал байна уу? 

 

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан:

 

-Зөрчлийн тухай хуульд асуудал байгаа. Зөрчил шалгаж байгаа хүмүүст ашигтай байдал үүсчих талтай заалт бий. Хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тал гэхээсээ хуулийг нэг мөр ойлгох асуудал байна. Үүнийг цэгцлээд нэг мөр ойлговол хуульд өөрчлөлт оруулах асуудал бодитой болно. Хуульд өөрчлөлт оруулахаасаа илүүтэй хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Прокурорын байгууллагын боловсон хүчин хэр байна вэ? Сүлжээний ажил цадигаа алдаж байна. Н.Алтанхуягийн коридор гээд яриад байгаа зүйл байна. Үүн дээр сүлжээний мөрдөгч, прокурор байгаа нь үнэн. Үүнийг таслан зогсоох тал дээр шийдвэртэй арга хэмжээ авна гэж найдаж болох уу? Хэргийг мэдрэмжээрээ таньдаг байлаа. Одоогийн прокуроруудаас юм асуухаар мэргэжлийн чадвар гэж зүйл алга болсон байна. Би доор ажиллаж байгаа хүмүүсийг хэлээгүй. Удирдах хүмүүс нь мэдэх зүйл алга. 

 

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан:

 

-Прокурорын байгууллагын боловсон хүчин их залуужсан. Тийм учраас чадавхийг нэмэгдүүлэх тал дээр төр, засагт санал тавиад мэргэжүүлэх зүйл байгаа. Та прокурорын байгууллагад олон жил ажилласны хувьд прокурорын байгууллагад санаа тавьж явдагт баярлаж байна. Сүлжээний мөрдөгч, прокурорын асуудал дээр ойрын хугацаанд ярина. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хураалт явуулсны дараагаар Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурор томилохыг дэмжлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ