Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн 96.6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ.
С.Эрдэнэ: Хуульзүйн салбарыг эрүү шүүлтийн талбар болгосон хүн нь Ц.Нямдорж
17:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэн батлав. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Хуульзүйн салбарыг 20 гаруй жил толгойлж, эрүү шүүлтийн талбар болгосон хүн нь Ц.Нямдорж. Энэ нөхрийн цаад санаа юу вэ. Хуульзүйн сайдын эрхлэх асуудалд прокурорын байгууллага байдаг. Эрүү шүүлтэд орсон өчнөөн хүн байгаа. 2008 онд амь насаа алдсан таван залуу, 37 оны хэлмэгдсэн ард түмнээс өнөөдрийн эрх баригчид уучлалт гуйгаагүй. Би таныг С.Зоригийн хэргийг захиалсан захиалагчдыг ил гаргахад хуулийн хүний ур чадвараа гаргаж ажиллаасай гэж хүсч байгаа юм.
Ж.Мөнхбат: Улстөрөөс ангид ажиллаарай
16:40 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нэг хүнээс зүйл шалтгаалахгүй. Та багаар ажиллана. Бизнесийн мөнгөтэй хүмүүсээс хараат бусаар ажиллах бололцоо байгаа юу?
-Хуулийн байгууллага, тэр тусмаа прокурорын байгууллага хууль хэрэгжүүлж ажиллахад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хууль тогтоох байгууллагадаа санал хүсэлтээ илэрхийлдэг. Би 30 гаруй жил прокурорын байгууллагад ажиллаж байна. Би шударга байх, хуулийнхаа хүрээнд ажиллах зарчмыг барьж ажиллаж ирсэн. Манай прокурорын байгууллага энэ хүрээнд ажиллаж ирсэн. Магадгүй хууль бус ажилласан асуудалд прокурорын дотоодыг хариуцсан газар хариуцан ажилладаг. Хүний нэр хүндэд халддаг зүйл их болж. Нийгэм хар зүйл рүү хошуурдаг болжэ. Хэргийг үнэн зөвөөр шийдэж, нийгэмд гэрэл гэгээ оруулна гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Улс төрөөс ангид ажиллаарай. Зарчимтай ажиллаарай гэж захиж хэлье. Цаашдаа бид Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр хууль тогтоох, шүүхийн асуудлыг төрийн гурван өндөрлөг гэдэгт өгснөөр буруудаж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
15:40 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Дараагаар нь Ерөнхийлөгчийн санал болгосон Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг зөвшилцөх танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд хийлээ.
Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс УИХ-д ирүүлсэн.
Б.Жаргалсайхан 55 настай. Өвөрхангай аймагт ЕБС, Хууль цаазын сургуулийг тус тус төгссөн. Прокурорын газарт 31 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-С.Зориг агсны хэргийг шийдвэрлэхдээ иргэдийг яргалж байж, хэргийг хүлээлгэсэн байна. Энэ нь миний сонгогдсон Орхон аймгийн иргэд. Шүүхийн шийдвэр гарсан байгаа. Та Ерөнхий прокурор болвол эсэргүүцэл бичих үү? Хэргийн шийдвэр маш олон зүйлийг нууц гэдэг нэрээр халхалж, гаргасан. Нууцаас гаргасан ч прокурор дээр гацсан гэсэн ойлголт байгаа. Нууцлалаас та гаргах уу? Гурван шатны шийдвэрийг ил болгох хэрэгтэй байна.
Нэр дэвшигч Б.Жаргалсайхан:
-Миний хувьд эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр гарсан хэмжээнд байгаа. Шинээр гарсан асуудлаар ярих боломжгүй. Эрүүдэн шүүхтэй холбоотой гарсан асуудлыг нотлох баримтын хэмжээнд буулгаж авах ёстой. Энэ үндэслэлээр Дээд шүүхэд өргөдөл бичнэ. Эрүүдэн шүүхтэй холбоотой ил болгох зүйл байвал хуулийн хүрээнд ил болгоно. Бичлэгийн хүрээнд тодорхой хэмжээний мөрдөн байцаах ажиллагаа явагдана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ