Ж.Батбаясгалан: Ажилтнууд хийнд хордож амиа алдсан

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн ажилтан амиа алдсан хэрэг харамсалтай хэрэг гарлаа. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.
Нийслэлийн Онцгой комиссын Аврах ангийн албан хаагчид ажлын байран дээрээ Төв цэвэрлэх байгууламжийн лаганд живж амиа алдсан ажилтнуудын цогцсыг гаргаж авлаа.
Нийслэлийн онцгой комиссынхны урьдчилсан дүгнэлтээ ажилтнууд хорт хийнд хордож, амиа алдсан гэж үзэж байна. Мөн тэд хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Ослын газар ажилласан ажлын хэсгийнхэний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн” гэв.
Өчигдрийн байдлаар хийнд хордсон таван ажилтан Цэргийн эмнэлэгт эмчлүүлж, биеийн байдал нь харьцангуй сайн байгаа гэж үзэн энгийн тасаг руу шилжүүлэх болсныг албаны хүмүүс мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан осол болсон Төв цэвэрлэх байгууламжид очиж ослын нөхцөл байдалтай танилцаж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийнхэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхэнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэлийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судалж арилгах, эмнэлэгт эмчлүүлж байгаа таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллах юм. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна. Лагаас гаргаж байгаа хортой бодисонд хордсон байна. Ямар хийнээс хордож вэ гэдэг нь шалгалтаар илэрнэ. Насосын станцын барилга дотор үйлдвэрийн осол гарсан байна. Амиа алдсан ажилтнууд 30-35 насны залуус байсан. Нийслэлээс ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой нэгдүгээрт тусгай нөхцөлд ажиллах, хоёрдугаарт эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр шуурхай ажлын хэсэг ажиллана хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ