60 мянган төгрөгөөр хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ

Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 450 орчим шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 161 эмнэлэг 2-12 насны хүүхдүүдэд нэг удаа үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэллээ. Энэ нь Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм.

ДЭМБ-ын судалгаагаар манай оронд бага насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлт “Маш өндөр” түвшинд хүрсэн байна. Шүдний эмнэлэг хангалттай буй ч шүдний өвчлөл зайлшгүй анхаарах асуудлын нэг болсон нь сахарын хэрэглээ болоод өрхийн санхүүгийн боломжгүйтэй шууд холбоотой аж.
Иймд Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар өнөөдрөөс /2019.04.22/ хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж эхэлжээ.

Эмнэлгүүдийн сонгон шалгаруулалтын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сонгон шалгаруулалтад нийслэлд 1472 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулсан. Харин орон нутгийн шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгууллаа. Эдгээр эмнэлгийг сонгохдоо яамны зүгээс зургаан шаардлага тавьсан. Тухайлбал ариутгал халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, боловсон хүчний чадвар, үйл ажиллагаа явуулсан арвин туршлага зэрэг гол гол шалгуур үзүүлэлтийг чухалчилсан. Цаашид эдгээр шаардлагыг хангасан эмнэлгүүдтэй хамтран ажиллах боломж бүрэн дүүрэн байгаа. Хөтөлбөр цахимжсан хүрээнд явагдана. Тухайн дүүргийн хүүхдүүд дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа аль ч эмнэлгийг сонгон үйлчлүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Зарим эцэг эхчүүд 60 мянган төгрөгөнд зөвхөн зөвлөгөө л авах тухай шүүмжлэлийг хэлж байна. Тэгвэл хувийн хэвшлийн эмнэлгүүд 60 мянган төгрөгт “баригдалгүй” аль болох хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилт тавьж буй аж.

Энэ талаар “Баянсан” эмнэлгийн үүсгэн байгуулагч Д.Доржсүрэн “Цаг авч буй эцэг эхчүүд 60 мянгаас илүү төлбөр авах уу гэдэг асуултыг маш их тавьж байна. Манай эмнэлгийн хувьд илүү төлбөр авахгүйгээр энэ мөнгөнд багтаагаад амны хөндийд асуудал үүссэн шүдийг эрүүлжүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Манай эмнэлэг өглөө 09.00 цагаас орой 21.00 цаг хүртэл ажиллаж харьяалал харгалзахгүй хүүхдүүдийг хүлээн авч үйлчилж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш манайд шүдний цоорлын хүндрэл үүссэн, маш их асуудалтай хүүхдүүд хандаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ төрсөн цагаас нь амны хөндийг арчлах хэрэгтэй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч түүнийгээ хэрэгжүүлж чадвал хүүхдийн шүдний цооролтоос сэргийлж чадна” гэв.

Мөн “Импайр дентал” клиникийн нүүр амны их эмч Р.Баасанжав “60 мянган төгрөг чухал биш. Харин тухайн ирсэн хүүхэд бүрийн шүдийг эрүүлжүүлэх нь чухал. Энэ үүднээс хүүхдийн хэдэн шүд цооролттой, хэдэн удаа сувгийн эмчилгээнд орох шаардлагатай байна тэр бүх үйлчилгээг үзүүлнэ. Ерөнхийдөө ирсэн хүүхдийн амны хөндийг заавал 60 мянга гэлгүй эрүүл болгоно гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Сувгийн эмчилгээ манайд үүдэн шүд эсвэл араа шүднээс хамаараас 45-75 мянган төгрөгийн үнэтэй хийгддэг. Шүдний цоорол асар их тулгамдсан асуудал болоод байна. Манай эмнэлгийн хувьд бүх шүдийг нь эмчлээд зогсохгүй маш сайн зөвлөгөө өгнө. Цаашид нэг удаа шүдээ эрүүлжүүллээ гээд орхиж болохгүй. Эрүүл болсон шүдээ эрүүлээр нь авч явах хэрэгтэй. Шүд угаах дадал хэвшил чухал байна” гэсэн юм.
Үзлэгийн төрөл:
- Урьдчилан сэргийлэх үзлэг
- Зөвлөгөө өгөх
- Шүд цоорлын эмчилгээ
- Урьдчилан сэргийлэх түрхлэг
- Эрдэсжүүлэх түрхлэг
- Шүд авалт
Хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхээр очихдоо асран хамгаалагч өөрийн болон хүүхдийнхээ регистрийн дугаарыг мэддэг байх шаардлагатай юм байна. Хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдийн жагсаалтыг танилцуулж байна.
Хүүхдийн сүүн шүдэнд эцэг, эхчүүд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гэтэл сүүн шүд эрүүл ургаж байж эрүүл байнгын шүд ургах үндэс болдог гэдгийг Шүдний ерөнхий мэргэжилтэн, шүдний салбар зөвлөлийн дарга Б.Амарсайхан онцолсон юм.
Тэрбээр “Хүүхдийн шүдний өвчлөл өнөөдөр Монгол айл өрхийн эдийн засагт хэрхэн дарамт учруулж буйг айл бүр мэдэж байгаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдийн ихэнх нь санхүүгийн боломжтой цөөхөн хувьд үйлчилж байна. Гэтэл санхүүгийн бололцоогүй олон айл өрх шүд, амны хөндийн эрүүл мэндэд төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байгаа. Тиймээс “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр бол төр, засгаас Улсынхаа ирээдүй хойчын төлөө чухал алхам хийж байна гэж бодлоо.
Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн 66 хувь нь амны хөндийн ямар нэгэн суурь өвчтэй байна гэсэн судалгаа гарсан. Нэг хүүхдийн шүд өвдөхөд аав, ээж эмээ өвөөд хичнээн их сэтгэлийн дарамт ирдгийг бид мэддэг. Сүүлийн 27-28 жилд Монголын хүн амын хоол хүнс, амьдралын хэв маяг асар их өөрчлөгдсөн. Хүн амын дунд шүдний өвчлөл үүсгэж байгаа, сахар, газтай ундааны хэрэглээ эрс нэмэгдсэн. Хүн амын шүдний өвчлөлийг ихэсгэж байгаа голлох шалтгаан нь энэ. Тиймээс шүдний өвчлөлийг бууруулахын тулд сахар, сахартай бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах нь нэн чухал байна. Цагаан идээг ихээр хэрэглүүлж шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дадал, хэвшил бий болгох шаардлагатай. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн зүгээс шүдний өвчлөлийг 30 хувь бууруулах зорилт тавиад байна” гэв.

Сүүлийн жилүүүдэд хүүхэд, тэр дундаа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсч байна. Тухайлбал 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувьтай гарсан байна. Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс залсын үрэвсэлт өвчний шууд, амсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог аж. Иймд хүүхдийн шүд цооролтын эсрэг төрсөн цагаас нь тэмцэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ