Гадны нөлөөгүй дахин нэг дуулиант хэрэг


Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр, 100 айл орчмоос бууны шарх авч нас барсан иргэний цогцос өнгөрөгч баасан гарагт /2019.04.26/ 06.15 цагийн үед олдож, нийгмийг цочирдуулав.
Амь хохирогчийг бусдад буудуулсан хэмээн анхлан таамагласан ч шалгалтаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Амь хохирогч нь Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүрэгт оршин суух хаягтай, 1958 онд төрсөн эрэгтэй Ж гэгч байв. Тэрбээр удаан хугацааны турш хүнд өвчинтэй тэмцэж, тэсвэрлэшгүй өвдөлтийг өдөр бүр мэдэрч яваагаа бичиж үлдээсэн тэмдэглэл хэргийн газраас олдсон байна.
Талийгаачийн амиа хөнөөсөн байж болзошгүй галт зэвсэг болох ТОЗ-8 маркийн буу хэргийн газраас алдагдсан бөгөөд тус бууг СБД-т байрлах хүнсний дэлгүүрээс олж тогтоожээ. Уг буу нь талийгаачийн эцгээс өвлөсөн эдлэл аж.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Урьдчилсан байдлаар амь хохирсон 61 настай иргэн амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татсан хэргүүд "гадны нөлөөгүй" болох нь тогтоогдох болов. Тухайлбал Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай эрэгтэй /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас байлдагч гадны нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдсон тухай мэдээлсэн.
Мөн “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дууссан бөгөөд сэжигтнээр тооцох үндэслэл бүхий гэм буруутай хүн тогтоогдоогүй болохыг мэдээллээд байгаа.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ