Хүүхдээ бус өөрийгөө хүмүүжүүлээрэй

ЦЕГ, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээлэл өнөөдөр (2019.05.01) хийлээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 2833 гэмт хэргийн улмаас 4922 хүүхэд хохирсон байна. Хүүхэд хулгай, дээрэм, хүчин, танхайрах, хүний эрүүл мэндэд халдах, булаах гэмт хэргийн золиос болдог. Хүүхэд үйлдэж, хүүхэд хохирч буй ийм гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ удаа тус байгууллагууд хамтран эцэг эхчүүдэд хандлаа. Ингэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Энэ хөдөлгөөний гол зорилго нь “Таны хүүхэд таны толь” аж. Хөдөлгөөний хугацаанд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал үзүүлж, цаг заваа зориулдаг, хүүхэдтэй ярилцдаг, ойлголцдог болгох, хүмүүжлийн эерэг аргыг сурталчлах, ээж аавын оролцоог нэмэгдүүлэх олон арга хэмжээг зохион байгуулна.
Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол хүүхдээ ажиглаарай. Таны хүүхэд зөрүүдэлж, танаас зөрөөд байна уу. Та хүүхдийнхээ зан байдлыг хэр мэддэг вэ. Өөрөөр хэлбэл та ямар хүн байна, таны хүүхэд тийм л хүн болж хүмүүжинэ. Хүүхдийг хүмүүжүүлэхээсээ өмнө өөрийгөө хүмүүжүүлээсэй гэж уриалж байна. Та зөв харилцаатай, хүүхдээ ойлгодог, нүднийх нь түвшинд сууж байгаад ярилцдаг, асуусан болгонд нь хариулдаг, гэр бүлдээ цаг гаргадаг, харилцан ярилцдаг эцэг, эх байгаач ээ. Хүүхдээ зөв эцэг эх байх, зөв хүн байх үлгэр дууриаллыг үзүүлж, зөв тусгал нь болж өгөөрэй. Тэгж чадвал бидний яриад байгаа хар бараан бүхэн арилна” гэдгийг хэллээ.
Монгол Улс 1.2 сая хүүхэдтэй. Энэ хүүхдүүдэд эерэг хандаж, зөв үлгэр дууриал үзүүлж, ирээдүйн ухаалаг, мэдлэг боловсролтой зөв хүн болгох нь төлөвшүүлэх нь эцэг эх, хүн бүрийн, нийгмийн үүрэг гэдгийг хэлж, зөв тусгалыг уриалж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ