Төгсөлтийн баяр: Сүхбаатарын талбайд ШАМПАНСК уувал торгоно

2018-2019 оны хичээлийн шинэ жил дуусах дөхөж, ЕБС, их дээд сургууль төгсөгчдийн “Хонхны баяр” эхэлж байна. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагуудаас өнөөдөр (2019.05.01) мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны 05 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 15 хүртэл “Төгсөлтийн баяр” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хугацаанд 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 111 гэмт хэрэгт 151 оюутан, сурагч өртөж, хохирсон байна. Мөн долоон оюутан хулгай, дээрмийн гэмт хэрэгт холбогдож, 12 оюутан эрүүлжүүлэхэд оржээ. Төгсөлтийн баяраар оюутнууд анги хамт олноороо нийлж архидан согтуурах, зөвшөөрөлгүйгээр аялал зугаалгаар явах нь гэмт хэрэг гарах нөхцөл болж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Ийм гэмт хэрэг дахин гаргахгүй байх үүднээс цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, оюутны холбоо хамтран “Эрдмийн баяр” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. Тус арга хэмжээ 06 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд нийслэлд орчимд ажилладаг амралтын газрууд болон зочид буудал, баар цэнгээний газруудад тавих хяналтыг эрчимжүүлэх аж.
Төгсөлтийн баяраар оюутнууд Сүхбаатарын талбай, Зайсан зэрэг дурсгалд газруудад очиж дурсгалын зураг татуулдаг. Ингэхдээ оргилуун дарс задалж, согтууруулах ундаа хэрэглэх нь нэлээд элбэг. Харин энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж буй зөрчил болно. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газруудад зөрчил гаргасан иргэнийг 25 000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай гэдгийг сануулж байна.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангийг 6668 хүүхэд төгсөнө. Өмнөх жилүүдэд 30 мянган хүүхэд төгсдөг байсан бол энэ жил төгсөгчдийн тоо цөөн. Мөн их дээд сургуулийг ч харьцангуй цөөн оюутан төгсөнө. Өнгөрсөн онд 30 мянган оюутан төгссөн бол энэ жил 20 мянган оюутан төгсөх юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ