Л.Оюун-Эрдэнэ: Хордлого даамжирч хөлөнд нөлөөлснөөс мэс засалд орлоо

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоолны хордлогод орсны улмаас БНСУ-д биеэ эмчлүүлэхээр явсан тухай мэдээлэл гарсан. Харин тэрбээр өнөөдөр Төрийн ордонд бага зэрэг доголсон байдалтай явж байлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Таныг хоолны хордлогод орсон гэсэн. Хөл бас өвдөө юу?
-Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс болж улсын ажлыг алдсандаа уучлалт гуйж байна. Хоолны хордлого өгөөд эмчлүүлж байсан юм. Гайгүй болох байх гэж бодож байтал хөл рүү орж хугацаа алдаж, эмч нар яаралтай Солонгост очиж шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Ерөнхийдөө идээт маягийн үрэвсэл үүсчихсэн байсныг мэдэхгүй явснаас цаг алдсан. Солонгост очоод жижиг мэс засалд орсон.
-Хоолны хордлого хөлөндөө нөлөөлсөн гэж үү?
-Тэгж ойлгож болно. Би ч гэсэн бас гайхсан. Ийм л онош гарсан. Би сүржигнээд байх дургүй хүн. Янз бүрийн мэдээлэл гарч хүмүүсийн санааг зовоосондоо уучлалт хүсч, санаа зоволтгүй гэж хэлмээр байна. Нэлээн хэдэн сар эмчийн хяналтад байж эмчлүүлэх шаардлагатай болсон.
-Хордлого юунаас болсон бэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй яриад байх хэрэг байхгүй болов уу. Элэгний үндсэн 2-3 үзүүлэлт нь өндөр болсон байна гэдэг мэдээллийг надад өгсөн. Хордчихлоо, хордуулчихлаа гэсэн байдлаар би хүлээж аваагүй. Би л өөртөө анхаарал тавиагүйгээс дархлаа суларсан байх. Хамгийн гол нь идээт үрэвсэл үүссэнийг анхаараагүйгээс ийм байдал боллоо.
-Монголдоо эмчлүүлэх боломжгүй онош уу?
-Орон нутагт томилолттой нэлээд олон цагаар ажиллаж байсан. Тухайн үедээ үзүүлж хэд хэдэн эмч нар зөвлөж байсан. Сүүлдээ босож чадахгүй болсон учраас Солонгост очиж нарийн шинжилгээнд орохгүй бол эрсдэлтэй байж магадгүй гэж үзээд л явсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ