Хүчирхийлэгчдийг ХӨНГӨЛЬЕ


Сүүлийн өдрүүдэд хар, бараан мэдээ хөвөрч, нийгмийг бүхэлд нь эмзэглүүлж байна. Хар, бараан мэдээний дийлэнх хэсэг нь хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой байгаа нь олон нийтийг бүр ч бухимдуулж байгаа.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарчээ. Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоосон байна.
Хохирогч охины биеийн байдал хүндэвтэр байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлжээ.
Шалгалтын явцад уг этгээд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн 3 дугаар гудамжны 3 тоотоос иргэн 2019.04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон есөн настай У охиныг ч мөн хүчирхийлсэн тухай мэдүүлсэн гэх боловч үүнийг цагдаагийн байгууллагаас нотлоогүй. Тиймээс есөн настай У охины амь нас хохирсон, хаа нэгтээ амьд мэнд яваа эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа. Анхилхан охин амьд л байгаасай...
Бага насны охидыг хүчирхийлсэн балмад хэрэгтнүүдийн “тохуурхал” ганц нэгхэн биш. Цаашид хичнээн олон охид, бүсгүйчүүд хэрэгтнүүдийн харгис, хэрцгий тохуурхлын золиос болохыг хэлж мэдэхгүй.
Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай охиныг ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн, хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Түүний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тун саяхан шийдвэрлэсэн байна.
Хэдий хүүхдийн амь эрсдээгүй нь сайн хэрэг ч хүний нялх үрийг хэзээ ч мартамгүй сэтгэлийн шархтай үлдээж “сэглэж”, бузарласан этгээдэд 13 жилийн арай л хөнгөхөн шийтгэл мэт.
Гаж донгоо барьж дийлдэггүй хүчирхийлэгчдийг хөнгөлчихдөг болъё. Балмад этгээдүүдэд зэрэмдэглүүлсэн охидын өвдөлтийг тэд ч бас мэдрэг.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ