Б.Баярсайхан: Сэтгүүлчийг хөл нь "тэжээдэг"

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МҮОНР-ийн тоймч, сэтгүүлч Д.Даваадулам радиогийн бүтээлүүдээ эмхэтгэсэн "Оргил өөд" номын хуримаа хийлээ. Номын нээлтэд Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г бүтээсэн инженерийн багийн гишүүн, МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, санхүүгийн салбарын зах зээлд ашиглагдаж буй нийт программын 80 хувийг хөгжүүлэн 18 жил маш амжилттай үйл ажиллагаа явуулж буй “GrapeCity” технологийн компанийн ерөнхий захирал А.Сүхдорж нарын сонирхолтой зочид оролцов.
Сэтгүүлч Д.Даваадулам сүүлийн гурван жилийн турш Тавантолгой, Цагаанхад орчмын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж үнэн бодит байдлыг олон нийтэд мэдээлсээр ирсэн. Номын нээлтэд нүүрс тээврийн замд эрүүл мэндээ зольсон жолооч болоод хүнд даацын автомашины жолоо мушгиж амьдралаа залгуулж буй 200 гаруй эмэгтэй жолооч нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.
Сэтгүүлч Д.Даваадулам "Би МҮОНР-д 18 дахь жилдээ ажиллаж байна. Сурвалжлагчаас редактор, тоймч гээд бүхий л ажлыг хийж байлаа. Радиогийн уран бүтээл агаараар цацагддаг. Өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлүүд маань агаараар л урсаад өнгөрчээ. Сэтгүүлч хүн цаг наргүй, асуудал хаана байна, хаана баяр жаргал, зовлон гуниг байна тэр бүгдийг сурвалжилж явдаг ч эцэст нь гарт баригдах уран бүтээлгүй үлддэг бололтой. Тиймээс МҮОНР-ийн "Хурд" агентлагаар дамжуулан сонсогчдод хүргэсэн уран бүтээлүүдээ эмхэтгэн ном гаргалаа. Түүнээс би ном гаргана гээд хэдэн жил эрэл хайгуул хийж төлөвлөсөнгүй. Би сүүлийн гурван жил Тавантолгойн нүүрсний асуудлыг сурвалжилсан. Тавантолгойг эдийн засгийн үр өгөөж талаас нь л хардаг. Гэтэл тэр үйлдвэрлэлийг хэн явуулж, нүүрсний зам дагасан нутгийн иргэдийн амьдрал ямар байгааг газар дээрээс нь сурвалжилж төр засгийн бодлого шийдвэрт тодорхой нөлөөлсөн гэж бодож байгаа. Энэ амжилтад МҮОНР, Хүний эрхийн үндэсний комиссыг онцлох нь зүйтэй" хэмээв.
МҮОНР-ийн "Хурд" агентлагийн сэтгүүлч Б.Баярсайхан "Сэтгүүлч хүнийг хөл нь тэжээдэг. Даваадуламын энэхүү "Оргил өөд" номод үнэхээр л түүний хөлөөрөө хүрч очиж сурвалжилсан нийтлэл нэвтрүүлгүүд багтсан байгаа. Эрж хайсан, олсон, бичсэн, олны хүртээл болгосоноо ном болгон үлдээж байгаа нь маш сайн хэрэг" гэв.
"Оргил өөд" ном "Нүүрс дагасан амьдрал", "Ус дагасан амьдрал", "Оргил өөд" гэсэн гурван бүлэгтэй. Энэхүү ном нь радиогийн сэтгүүлчийн нийтлэл, сурвалжлага ном болон хэвлэгдэж буйгаар онцлог юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ