Өндрөөс үсрэх гэж байсан эрэгтэйчүүдийг тайвшруулж буулгажээ


ДЭМБ-ын судалгаагаар амиа хорлолтын үзүүлэлтээр манай улс дэлхийн 177 орноос тавдугаарт жагсаж байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 1061 хүн амиа хорлосон харамсалтай дүн мэдээ гарсан. 2018 оны эхний 10 сарын байдлаар 420 хүн амиа хорлосны дийлэнх нь эрчүүд байна.
Өчигдөр л гэхэд өндрөөс үсрэхийг завдсан хоёр ч эрийг онцгой байдлын алба хаагчид тайвшруулж орчлонгоос буцах хүсэлтэй нь хамт аюулгүй буулгажээ.
“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууцны тагтнаас хүн үсрэх гээд байна” гэсэн дуудлага өчигдөр /2019.05.07/ 21:44 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 22:01 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Г /33 настай, эрэгтэй/-тэй ярилцлага хийж тагтнаас буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороололд байрлах орон сууцны цонхоор хүн үсрэх гээд байна” гэсэн дуудлага 2019.05.08-ны өдрийн 00:22 цагт ирсэн байна. Дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5,5 км замыг туулан 00:32 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн 38 настай, эрэгтэй Э согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амь насаа эрсдэлд оруулах үйлдэл хийх гэж байсныг аврагчид ярилцлага хийж буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Дээрх хоёр эрд юу ч тохиолдсон бай үхэхэд амь, амьдрал дэндүү хайран байна. Хайран амь, хайрлахгүй байхын аргагүй амьдрал шүү дээ.
Монголчууд сүүлийн жилүүдэд сэтгэлийн хат, тэвсэр тэвчээргүй, байс гээд л гуньж гутрах гээд байх хэр нь ааг омогтой, уур уцаартай, хөлчүүрхэж хэн нэгэнтэй барилцаж аваад асан дүрэлзэх хандлагатай болчихож.
Үүний оронд хаяад явсан ч аз жаргалыг ерөөгөөд инээмсэглэдэг, хуурч гомдоосон ч “тэнэг хог”-ыг тэнд нь үлдээгээд илүү сайн сайханд тэмүүлж суръя л даа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ