Ойрхи Дорнодыг дамнасан "Халифатын вант улс" байгуулахаар өнгөрсөн хугацаанд олон улсад тархан алан хядах ажиллагаа зохион байгуулсан "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэх Казахстаны 231 хүн нутагтаа ирсэн талаар Оросын "www.rferl.org" сайт мэдээллээ.
Казакстаны албаныхан дээрх иргэдийг Сириэс авчирсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев мэдэгдсэн байна.
Казахстаны Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамтарч энэ сарын 5-7ны өдрүүдэд Сирийн газар нутагт тусгай ажиллагаа явуулж, иргэдээ нисдэг тэргээр Казакстанд авчирсан гэв.
Нутагтаа ирээд иргэдийн 156 нь 1-6 насны хүүхэд гэнэ. Эдгээр хүүхдүүдийн 18 нь бүтэн өнчин, асран хамгаалагчгүй аж.
Эдгээр хүүхдүүд "Исламын улс" бүлэглэлд элсэхийн тулд улсаасаа урвасан Казахстаны иргэдийн хүүхэд болохыг Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглэв. Өнчин хүүхдүүдийг улсын асрамжинд шилжүүлэх ба Казакстаны Засгийн газар нутагтаа ирээд буй иргэдийнхээ амжиргааг дээшлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Казакстан өнгөрөгч сард 47 иргэнээ Сириэс авчирсан билээ.
2013-2016 оны хооронд Казакстаны 5000 гаруй иргэн Исламын улсад элсэхээр хилийн дээс алхсан аж. Тэдний ихэнх нь олон улсын хамтарсан цэргийн ажиллагаа болон террорист ажиллагааны үеэр амь үрэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |