Түүхий нүүрс түлсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгоно


Түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахыг хориглох талаар ЦЕГ, МХЕГ-аас өнөөдөр /2019.05.14/ мэдээлэл хийлээ.
Засгийн газар энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Тэгэхээр Нийслэлчүүд маргаашнаас түүхий нүүрсэнд “баяртай” гэж хэлэх юм.
Түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахгүй байх ажилд ЦЕГ хяналт тавьж ажиллах аж. Мөн долоон цэгт 27 цагаар байгаль орчны улсын байцаагч нар ажиллах юм байна. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсээс 2018-2019 онд Нийслэлийн хэмжээнд 2900 орчим нам болон их даралтын том зуухнуудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа гэдгийг албаныхан хэлсэн.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ