Б.Махбалыг яллах уу эс яллах уу

Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ.

Тодруулбал Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм. Хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал жил дамнан үргэлжилж таван удаа хойшлоод байна.
Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хурлаар шүүгч өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг сонгож авсан таван өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг нь хүлээн авснаар шүүх хурлыг тавдугаар сарын 17-ны өдрийг хүртэл дахин хойшлуулсан юм.
Өнөөдөр дахин Б.Махбалын гэм бурууг шүүх хурал шүүх танхимд эхэллээ. Шүүх хурал эхэлсэн даруйд шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан үргэлжилж байна. Хийсэн хэрэг нь ил, гэм буруутан нь тов тодорхой байсаар байхад шүүх хурал дахин дахин хойшилж буй тул буруутанд ял завших боломж олдох вий гэхээс олон нийт “өмөлзөж” суугаа.
Уг нь шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг хийгддэг. Эл хэлэлцүүлгээр өмгөөлөгч, хохирогч, яллагдагч бүгд ямар ч асуудалгүйгээр оролцох боломжтой болохыг нь асууж нягтлан тодруулж, хураллдааны товыг талуудтай тохиролцдог байна.
Мөн шүүх хурал хойшлуулах гарцыг хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор өмгөөлөгч олдог. Тэд хэргийг зориуд удаашруулах зорилгоор шүүгчийн туслах хэргийн материалтай танилцахыг хүсч, нүдэн дээр нь бариад зогсож байхад албаар уншихгүй шүүх хуралдаанд ордог тохиолдол ч байдаг аж. Улмаар хэргийн материалтай танилцаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахыг хүсдэг. Мөн хүссэн гэрчийг шүүх хуралд оролцуулахыг шаардах зэргээр хурлыг хойшлуулдаг тохиолдол байдлыг Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа хэлж байсан.
Талийгаач ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аав хэвлэлд олон удаа хандаж, хүүгийн минь амийг бүрэлгэсэн этгээдийг “зөөлөн” шийтгэх гээд байна хэмээн учирлаж үнэний төлөө тэмцэж явсан ч харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
Хэрэг хийсэн нь үнэн. Хүний амь бүрэлгэсэн нь үнэн. Бүр санаатайгаар зодож, хөнөөсөн нь үнэн. Тэгсэн атал удаа дараа шүүх хурал хойшилж буй нь олон нийтэд хардлага төрүүлээд буй.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ