МГЗНХ-ны их хурлаас сонгогдсон удирдах зөвлөл анхны хуралдаанаа хийлээ

img

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ)-ны III Их хурлаас сонгогдсон удирдах зөвлөл эхний хуралдаанаа хийлээ. Хурлын эхэнд холбооны дүрэмд орсон гурван зүйл заалт бүхий өөрчлөлтийг тогтоол хэлбэрт оруулах, Улсын бүртгэлийн газарт энэхүү өөрчлөлтөө бүртгүүлж албажуулах ажлыг хэлэлцэн баталж, дэд Ерөнхийлөгчийн тооны дээд хязгаарыг ес байхаар тогтов.

 

 

Мөн энэ оны ажлын Ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, календарчилсан төлөвлөгөө гарган хийх ажлуудын хариуцах эзнийг нь тодорхой болгож, гишүүд дэмжигчдийнхээ оролцоог сайжруулах талаар хэлэлцэн шийдлээ. Түүнчлэн гадаад сургалт болон гадаад харилцааны асуудалд онцгой ач холбогдол өгөх талаар ярилцаж тодорхой ажлуудыг хийхээр тогтов.

 

Шинээр сонгогдсон удирдах зөвлөл анхны хуралдаанаар тус холбооны Удирдах зөвлөлийн даргаар П.Баттулга, Хяналтын зөвлөлийн даргаар Н.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Төрбат нарыг томиллоо. Шинэ арга барил, шинэ эрч хүчээр ажиллаж, ирэх дөрвөн жилд өмнөхөөсөө илүү ачаалалтай, амжилттай ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн саналыг хэлж, цаашдын ажлынхаа чиг баримжаа, холбооноос барих бодлогын тухай нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ