Харилцаан холбооны салбарын гурван хуулийг баталлаа

img

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
 

 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх тухай зохицуулалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна", 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.

 

Эдийн засгийн байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн томьёолж, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

 

Төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

 

Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм.

 

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

 

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

 

 

Эдийн засгийн байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 29-ний өдөр хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

 

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд:

·тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг баталж байхаар;

·олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах мөн тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж байхаар тус тус зарчмын саналыг тусгасан байна.

 

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

 

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

 

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, хадгалах бодлогын зохицуулалт хангалтгүй байсныг Засгийн газар баталж байх зохицуулалтыг оруулжээ. Түүнчлэн шуудангийн маркын тодорхойлолтыг дэлхийн шуудан холбооны конвенцид нийцүүлэн өөрчлөн найруулсан байна.

 

Шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихаар; мөн үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх гэсэн заалтыг төсөлд тусгажээ.

 

Улс хоорондын шуудангийн илгээмжийн зохицуулалтыг илүү тодорхой болгох хүрээнд улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, шуудангийн хууль болон холбогдох  бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх,  мөн улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарах гэсэн зарчмын өөрчлөлтийг тус тус төсөлд тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ilgeemj dendyy ondor ynetei
2019-05-31